Монголын Боулинг Сонирхогчдын холбоо, MCS Coca Cola ХХК, Coke Zero брэнд хамтран зохион явуулдаг Хэвлэл мэдээллийн байгуулагуудын дундах “Coca Cola Zero Bowling championship 2015” тэмцээн өнгөрсөн бямба гаригт боллоо. Сар бүр салбаруудын аваргуудыг тодруулдаг боулингийн уламжлалт тэмцээн зургаа дахь жилдээ болж байна. Сар бүрийн медальт байрт орсон багууд арванхоёрдугаар сар финалын шатанд өрсөлдөх эрхтэй болдог билээ. Тус тэмцээнд энэ жил 10 баг оролцож өрсөлдөв. Багууд хоёр тоглолт хийж аваргуудаа тодоруулсан бөгөөд нийт 1325 оноо авсан NTV телевизийн баг тэргүүн байрт шалгарч 250 мянган төгрөгний тоглолтын эрхийн эзэд болцгоосон юм. Удаах байрт 1306 оноотой ETV телевизийн баг тамирчид орлоо. Харин гутгаарт байрт МҮОНТ-ийн баг шалгарсан бөгөөд тэд хоёр тоглолтод нийт 1287 оноо авчээ. Жил бүр тус тэмцээний хүчтэй өрсөлдөгч байдаг “Таван цагариг” сонины баг анх удаа хараахан медальд хүрч чадалгүй 1271 оноо авч, дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэмцээний шилдэг тоглогчоор МҮОНТ-ийн ММ агентлагийн хөтлөгч Ш.Бямбацогт тодорсон бөгөөд тэрбээр 198 оноо авсан юм. Дашрамд сонирхуулахад медальт байрт шалгарсан баг болон шилдэг тоглогчоор тодорсон тамирчинг Coke Zero бүтээгдэхүүнээр шагнасан юм.