Венесуэлийн сөрөг хүчний эвслийн уулзалт Вашингтонд болно

Хуучирсан мэдээ: 2019.02.07-нд нийтлэгдсэн

Венесуэлийн сөрөг хүчний эвслийн уулзалт Вашингтонд болно

Венесуэлийн сөрөг хүчний эвслийн уулзалт Вашингтонд болно

Венесуэл улсад Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан томоохон хөдөлгөөн өрнөж байгаа билээ. Эдийн засгийн гүн хямралд өртсөн Венесуэл улсад үе үе төр засгийн эсрэг жагсаал болдог ч энэ удаагийн жагсаал тэмцлийн онцлог нь эрх баригч социалист намаас бусад бүх улс төрийн хүчнүүд нь нэгдэж байгаа явдал юм.

Олон мянган хүн цугласан жагсаал цуглааны үеэр Венесуэлийн парламентын дарга Н.Мадурог хууль бусаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дахин эхлүүлсэн гэж үзээд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан билээ. Н.Мадурог ОХУ, Хятад тэргүүтэй улсууд, харин Х.Гуайдог АНУ тэргүүтэй барууны орнууд дэмжиж байгаагаас Венесуэлийн нөхцөл байдал хурцдаж буй юм.

Сөрөг хүчний эвслийн уулзалт болно

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуан Гуайдогийн тэргүүлсэн сөрөг хүчний эвслийн гол албан тушаалтнууд өнөөдөр /2019.02.07/ Вашингтонд уулзаж, улс орныхоо нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсныг АНУ-д суугаа Венесуэлийн хэргийг түр хамаарагч Карлос Веккио зарлажээ. Н.Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасалсны дараа Х.Гуайдо өнгөрсөн сард Карлос Веккиог хэргийг түр хамаарагчаар томилсон билээ.

Өнөөдөр болох уулзалтаар яригдах гол асуудал нь Венесуэлд нүүрлээд буй улс төр, эдийн засгийн хямрал, мөн ард иргэдээ өлсгөлөнгөөс гаргахын тулд гадаад улс орнуудаас хүмүүнлэгийн тусламж авах тухай байх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Мягмар гаригт /2019.02.05/ ард түмэндээ хандан мэдэгдэл хийх үеэрээ Венесуэлийн сөрөг хүчний эвсэлд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа, мөн өнөөдөр болох уулзалтын дараа Н.Мадурог огцорно хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Харин тус уулзалтад Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь Дээд шүүхээс нь түүнийг хууль бусаар төрийн эрх мэдлийг авсан хэмээн үзэж, хилээр гарахыг хориглосон билээ.

“Тиендитас” гүүрийг хаав

АНУ тэргүүтэй гадаадын улс орнууд Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ зарласан энэ үед Н.Мадуро Венесуэл-Колумбын хилээр машин орох гол зам болох “Тиендитас” гүүрийг хаажээ. Гүүрний гурван зорчих хэсэгт нефть тээвэрлэгч болон контейнер тавьж орц, гарцыг хаасан байна. Н.Мадуро олон улсын тусламжаас татгалзаж, “Венесуэлчүүд гуйлгачин биш” хэмээн мэдэгдсэн билээ.

Х.Гуайдог дэмжигч АНУ, Латин Америкийн орнуудын уулзалт өнгөрсөн Даваа гаригт Канадад болсон бөгөөд энэ үеэр Венесуэлийн хөрш Колумбаар дамжуулан тус улсад хоол хүнс, эм тариа илгээхээр шийдвэрлээд байсан юм.

Төвийг сахисан орнуудын уулзалт болно

АНУ тэргүүтэй барууны орнууд Венесуэлийн сөрөг хүчнийг, харин Хятад, Орос, Турк тэргүүтэй улсууд Н.Мадурог дэмжиж байгаа энэ үед төвийг сахисаар байгаа Мексик, Уругвай тэргүүтэй улсууд өнөөдөр Уругвайн нийслэл Монтевидео хотноо шуурхай хуралдаан хийхээр болжээ.

Уулзалтад Франц, Герман зэрэг арав гаруй орны төлөөлөгчид оролцох юм. Тус улсууд Венесуэлийн улс төрийн хямралд хэн нэгнийх нь талд ороогүй ч тус улсад Ерөнхийлөгчийн дахин сонгууль явуулахыг дэмжиж байгаа юм. Тэд Венесуэлийн асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг хүсч байгаа аж.

Харин Д.Трамп Н.Мадурогийн хэлэлцээний ширээнд суух хүсэлтийг нь няцаасан бөгөөд өнгөрөгч Даваа гаригт Бразил, Аргентин зэрэг Х.Гуайдог дэмжигч 17 улсын Канадад болсон шуурхай хуралдаанд АНУ төлөөлөгчөө оролцуулжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж