Гадаад хэргийн сайдын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.04.05-нд нийтлэгдсэн

Гадаад хэргийн сайдын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2015 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын эхний өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бүхий л салбарын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, харилцааны түвшин иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэсэн юм. Цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ч мөн санал солилцов. Түүнчлэн хоёр улсын хоорондын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрлээ.

Дараа нь Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн даргын хувиар тус комиссын хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Гао Хучэн-тэй уулзсан юм.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн олон тохиролцоог хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн механизмуудыг улам боловсронгуй болгож, хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц, ард иргэд үр дүнг нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг үнэлэв.

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван талт механизм хамтын ажиллагааны чухал чиглэл болж байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын “Талын зам” санаачилгыг Хятадын “Торгоны зам, эдийн засгийн бүслүүр” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг сайтар судалж ажиллахаар боллоо.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж