Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро болон сөрөг хүчний удирдагч Х.Гуайдо нар хоорондоо учир зүйгээ ололцохыг хүсвэл эвлэрүүлэн зуучлахад бэлэн байгаагаа Пап лам Францис мэдэгдлээ.
Тэрбээр энэ долоо хоногт Арабын хойгт анх удаагаа айлчилж байгаа бөгөөд нэг сая гаруй христийн шашинтантай Арабын Нэгдсэн Эмират улсад гурван өдрийн айлчлал хийж, өчигдөр /2019.02.05/ Ватикан руу буцсан юм. Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ Пап лам Н.Мадурогоос захидал авсан тухайгаа хэлжээ. Гэвч захидлаа хараахан уншаагүй байгаа аж. Тэрбээр “Ватиканы зүгээс Венесуэлд үүсээд буй улс төрийн хямралт нөхцөл байдал, олон хүний амь эрсдэж буй жагсаал цуглааныг дарахад туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн хэлсэн байна.
Гэхдээ Венесуэлийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчний удирдагч нарыг эвлэрүүлэхэд олон үе шаттай дипломат яриа хэлэлцээр явуулах шаардлагатай болохыг цохон тэмдэглэв.
Венесуэл улсад Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан томоохон жагсаал хоёр долоо хоногийн өмнө эхэлж, сөргөлдөгч улс төрийн хүчнүүдийн дунд томоохон тэмцэл өрнөж байгаа билээ. Хууль бусаар Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн Н.Мадурог огцрохыг шаардаж, хэдэн мянган хүн орон даяар жагсаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн өмнө сөрөг хүчин олонх байдаг парламентынх нь дарга Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан. Н.Мадурог Венесуэлийн хууль ёсны цорын ганц удирдагч хэмээн Хятад, Орос, Турк тэргүүтэй улсууд дэмжиж байгаа бол эдийн засаг, улс төрийн гүн хямралд өртсөн Венесуэлд өөрчлөлт авчрахыг хүссэн Х.Гуайдог АНУ тэргүүтэй барууны орнууд, мөн Латин Америкийн хэд хэдэн улсууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм.