XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын шинийн баярт зориулан төрийн гурван өндөрлөгөөс мэндчилгээ дэвшүүлсэн. Тэдний сар шинийн мэндчилгээн дэх улс төрийн эшлэлийг нь сонирхуулъя. Сар шинийн өмнө УИХ-ын даргаас М.Энхболдыг чөлөөлж, оронд нь Г.Занданшатарт алх бариулснаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нохой жилийн "төлөвлөгөө" биелэгдсэн. Нохой жилд шударга ёс хамгийн их дурдсан төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс харахад гахай жилд Монголын улс амар амгалан байхгүй нь бололтой. Юутай ч хөрөнгөтнүүдээс өмчийг булаах үйл ажиллагаа өрнөж магадгүй бөгөөд Венесуэлийн замаар Монгол явж магадгүй дүр зураг ч тэдний мэндчилгээнээс уншигдаж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ баялагтаа эзэн байж, зүй зохистой ашиглаж, үр шимийг нийтээр тэгш хүртэхийн төлөө сэтгэлээ чилээсэн он жилүүдийн үр дүнг бодитоор хүртсэн жил болоосой гэж итгэж байна. Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая!
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Нийт иргэд, нийгэм даяар хүсэн хүлээж буй чухал зорилт бол шударга ёсыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг газар сайгүй хэвшүүлэн мөрдөх асуудал юм. Монгол хүн монгол газартаа, эрдэнэс баялагтаа эзэн нь байх ёстой. Төр нь түвшин, улс төр эрүүл, хууль ёс алагчлалгүй хэрэгждэг байх нь хөгжил дэвшлийн суурь нөхцөл мөн. Иргэд маань ажил төрөлтэй, тогтвортой орлоготой, амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай. Монгол хүн бүхний итгэл, хүслийг тээсэн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх болно. Эв эе, итгэлцэл ойлголцлыг эрхэмлэж, зөв мэргэн, уужим саруул ухаанаар ирээдүйгээ харж, Монголоороо нэг сэтгэл, нэгдмэл итгэлтэй байж, сайхан маргаашийг авчрахын төлөө хамтдаа зүтгэцгээе ээ.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, ард түмэн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх нь улс орны маань хөгжил дэвшлийн үндэс, эрх чөлөөт, шударга ардчилсан нийгмийн бат суурь нь болох учиртай. Ийм учраас ирж буй гахай жилд Монгол төрд бугласан утаа мананг арилгаж, Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно.
Ийнхүү тэдний мэндчилгээндээ нуусан хэрүүл зодоон тэдний мэндчилгээндээ дурдсан "амар амгалан"-гаар дуусахгүй нь тодорхой байна. Зурхайд гахай жилд засаг төрийн хямрал үргэлжилнэ гэж "буусан". Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын онцлоод байгаа шударга ёс нь өвөр нэгтэй ЖДҮчидтэй хариуцлага тооцохоос эхлэх үү эсвэл үзэл бодол өөр нэгтнүүдтэйгээ үргэлжүүлэн "байлдах"-ыг хэлж байна уу гэдгийг ямар ч байсан цаг хугацаа харуулах биз.
Б.БАТ
Холбоотой мэдээ