Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хэмээн нэрлэгддэг 160 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 169, 213 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 20, 18, 16 дугаар хорооны цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 169 дүгээр цэцэрлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр өчигдөр зохион байгууллаа. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд дээрх албан байгууллагуудад Япон улсад үйлдвэрлэсэн “Magic ball” агаар цэвэршүүлэгч аппарат 100 ширхэгийг хандивласан байна.
H1N1 томууны вирусээр хүүхэд багачууд ихээхэн өвчлөөд байгаа энэ үед цагаа олсон бэлэг, хүүхэд багачууд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш ажилчид, эмч эмнэлгийн ажилчдыг баясгасан хүмүүнлэгийн ажил болжээ. Наро Банчэн гэгээнтэн “Та бүхэн маш хариуцлагатай ажил хийж байна. Нөгөө талаараа хүүхэд багачуудтай ажилладаг та бүхнийг маш буянтай үйлс хийж байна гэж би боддог. Түмний олон хүүхдийг ёс суртахуунтай, зөв хүн болох төлөвшлийг нь хичээнгүйлэн бүрдүүлж өгөхийг хүсье. Танай байгууллагад өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч аппарат хүүхэд багачуудын эрүүл мэндэд бага ч болтугай тус болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэж онцгойлон дурдаж байлаа. Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, нэг цагийн дотор PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар сармагжуулах хүчин чадалтай юм байна.
Наро Банчэн гэгээнтэн “Шидэт сар” хэмээн нэрлэгддэг энэхүү агаар цэвэршүүлэгчийг хандивлах хүмүүнлэгийн үйлсийг номын нөхөдтэйгөө хамтран хийж байгаагаа дурдан сайхан сэтгэлт нөхдөдөө талархалаа илэрхийлж байлаа. Тэрээр ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Энэтхэг улс руу Буддын шашин судлахаар мордсон билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ