Английн Лондон хотод байх Германы улс төрийн философич, коммунист үзэл санаа, социалист хувьсгалын эцэг гэгддэг Карл Марксын бунхныг сүйтгэсэн хэрэг өчигдөр /2019.02.06/ гарчээ. Халдлагын улмаас бунхны гантиг чулуун хавтан хагарч, бичээс нь харагдахгүй болсон байна.
“К.Марксын бунхны чулууг алхаар цохиж, нураасан явдал бол соёлын өвд халдсан харамсалтай хэрэг юм” хэмээн Лондоны Хайгейтийн оршуулгын газраас мэдээлсэн байна. Тэд цагдаагийн газарт энэ тухай мэдэгдэж, хэрэгтнийг эрэн хайж байгаа бөгөөд бунхныг удахгүй засахаа амлажээ.
Нэрт философчийн бунханд халдаж буй анхны тохиолдол энэ биш юм. Тухайлбал, 1970 онд түүний булшийг тэсрэх бөмбөгөөр дэлбэлэхийг оролдож байжээ. Түүнчлэн бунхныг шүршдэг будгаар будах, хөрс шороог нь сэндийчэж, цэцгийг нь тасдах, тэр ч бүү хэл бунхан дээр байх К.Марксын толгойг таслаж авах оролдлого ч гарч байсан аж.
Германы Триер хотод төрсөн К.Маркс нь 1818-1883 оны хооронд амьдарч байсан бөгөөд түүний боловсруулсан коммунист онол дэлхийн олон улс орны хувь заяа, түүхийг шийдсэн гэдэг. Германы философич Фридрих Энгельсийн хамтар 1848 онд бичсэн “Коммунист Намын тунхаг”, “Луи Бонапартын брюмерын арван найман”, “Капитал” зэрэг нь түүний коммунист үзэл баримтлал, онолоо тодорхой тусгасан оргил бүтээлүүд билээ.
Тэрээр өвчний улмаас 1883 оны гуравдугаар сарын 14-нд Лондонд нас баржээ. К.Марксыг Лондон дахь Хайгэйтийн оршуулгын газар 1887 оны гуравдугаар сарын 17-нд оршуулсан ба түүний бунхан дээр "Орон бүхний хөдөлмөрчид нэгдэгтүн", мөн коммунизмын тунхаг бичгийн сүүлчийн мөр болох "Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан – гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм" хэмээх бичээс байдаг.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ