Үндэсний Супер лигийн Плэй-Оффын хагас шигшээ шатны цувралын тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болсон тоглолтын мэдээллээс хүргэе.
"Дорнод танан гарьд" Vs "SBL Хасын хүлэгүүд" 122:101 (1:0)
Үндэсний Супер лигийн Плэй-Оффын хагас шигшээ шатны цувралын эхний тоглолтоо "Дорнод Танан Гарьд" болон "SBL Хасын Хүлэгүүд" багууд хийлээ. Сүүлийн хоёр улирлын аварга багуудын тоглолт эхнээсээ сонирхолтой болсон бөгөөд “Сонгодог тулаан” гэж нэрлэгдээд байгаа юм.
Тоглолтын эхнээс 2 баг холын шидэлтүүдээр бороо оруулсан гэхэд болно. Харилцан довтолсон сонирхолтой тоглолт болж Гарьдуудаас багийн ахлагч Мөнхболдын холын зайн шидэлтүүд байндаа тусч байсан бол Хүлэгүүдийн лидер Билгүүн ч мөн онцгой байлаа. Гарьдууд энэ өдөр Ихбаяр, Antonio Jones гэсэн хоёр шилдэг холбон тоглогчоо хамтад нь гараанд гаргасан нь үр дүнгээ өгч, довтолгооны санаачлага өндөртэй байсан юм. Хүлэгүүдээс эхний хагаст Билгүүн тэргүүлэн сайн тоглолт үзүүлж, тэнцүүхэн өндөрлөлөө. Эхний хагаст гэхдээ Билгүүн, Мөнхболд нар алдааны асуудалд орсон юм. Харин 2-р хагас эхлээд Ууганбаяр, Jones нарын тоглолт сайжирч, олон оноог авч байлаа. Хүлэгүүдээс Hammonds-ын оролтууд оноо авч байсан нь бас нэгэн довтолгооны зэвсэг нь болсон. Гэсэн ч багийн лидер Билгүүн алдааны асуудалд орж сэлгээрүү шилжсэн. 3-р үеийг Хүлэгүүдийн бусад тоглогчид давгүй хийж тэнцүүхэн өндөрлүүлсэн ч 4-р үе тэс өөр байлаа. Гарьдуудаас Ууганбаяр довтолгоонд найдвартай байсан бол сэлгээнээс гарч тоглосон Дорждагва Pick and Roll хувилбар дээр идэвхитэй тоглож, олон оноог дарааллан авч байснаар онооны зөрүүг холдуулж чадсан. Энэ өдөр A.Jones багийнхандаа гоёмсог дамжуулалтыг олон удаа өгч байсан нь хожлын гол шалтгаан болов. Ууганбаяр 30 оноо, 11 самбар авч бас нэгэн сайн тоглолтоо үзүүлсэн бол Mitchell Anderson 24 оноо, Мөнхболд 20 оноо, Цэрэнбат 16, A.Jones 14 оноо, 13 дамжуулалт, Дорждагва 13 оноог авч жигд тоглолт үзүүллээ. Харин Хүлэгүүдээс Билгүүн 3-р үеийн төгсгөлд 6 алдаатай болж, сэлгээрүү шилжсэн ч 29 оноогоор багаа тэргүүлжээ. Hammonds 22 оноо, 13 самбар, Отгонмөнх 18, Сэргэлэн 10 оноог тус тус авсан байна.
ХАРЦАГА ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Плэй-Оффын хагас шигшээ шатны хоёрдахь цуврал бол "Дундговь Альянс Тех Харцага", "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багуудын тоглолт байлаа. Ригсийн хувьд эхний шатанд 5 тоглолт хийж амралтгүй эхний тоглолтоо хийж байгаа бол Харцага цувралыг эрт дуусгаж, амралт авч чадсан юм.
Тоглолтын хэмнэл эхнээсээ удаан, намжуу эхэлсэн бөгөөд энэ нь Ригс багт бага зэрэг ашигтай байсан гэхэд болно. Өмнөх цувралуудад харагдаж байсан Харцагын өндөр хурдтай темпийг энэ тоглолтонд Ригс өөрсдийн тоглолтоороо харагдуулахгүй байсан юм. Гэсэн ч Ригсийн довтолгоо тийм сайн байсангүй. Харцага оноог бага багаар холдуулсаар байв. Өрнүүнбилэг гараанд гарч сайн тоглолт үзүүлж байсан бол Chris Moore ч мөн адил будагтай талбайд давгүй тоглолт үзүүлсэн юм. Эхний хагасыг Харцага онооны давуутай өндөрлүүлсэн бөгөөд D.Rambo, Одбаяр нар сайн байлаа. Харин 2-р хагас эхлээд 3-р үед багууд довтолгоонуудаа оноо болгож эхэлсэн. Онооны зөрүү 8-12 хооронд явсаар 4-р үед ч энэ тооны зөрүүг Ригс арилгаж чадсангүй. Тэдний тоглогчид ядралттай харагдаж байсан бөгөөд Харцага олон хоног амарч чадсан нь үр дүнгээ өгсөн гэхэд болно. Энэ тоглолтод D.Rambo багаа тэргүүлж 19 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, 6 бөмбөг таслалт гэсэн жигд үзүүлэлт үзүүлсэн бол S.Pledger 18, Одбаяр 14, Болортулга 12, Дөлгөөн 12 оноог тус тус авчээ. Гэхдээ энэ тоглолтонд хожигдсон ч гэсэн Ригс самбар дор тэднээс илүү байсныг дурдах хэрэгтэй. Ригсээс C.Moore 19 оноо, 10 самбар, Золжаргал 14, Өрнүүнбилэг 13, D.Бue 10 оноо, 10 самбар авсан ч тэд ядралттай тоглож байсан нь энэ хожигдлын шалтгаан боллоо.
SBL Хасын Хүлэгүүд vs Дорнод Танан Гарьд – 101:122
SBL Хасын Хүлэгүүд vs Дорнод Танан Гарьд – 101:122Цувралын эхний хожлыг Дорнод Танан Гарьд баг авлаа.
Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Friday, April 3, 2015
Дундговь Альянс Тех Харцага vs Увс Эрдэнэдрийлинг Ригс – 91:79Харцагууд эхний хожлоо авлаа.
Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Friday, April 3, 2015
Д.ЛХАГВА