Шинийн нэгэнд алаг мэлхий өрж тоглохын учир

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Шинийн нэгэнд алаг мэлхий өрж тоглохын учир

Шинийн нэгэнд алаг мэлхий өрж тоглохын учир

Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар алаг мэлхий өрж тоглодог уламжлалт ёс заншлын талаар Монголын үндэсний музейн Боловсролын ажилтан Г.Баярмаатай цөөн хором ярилцлаа


-Монголчуудын уламжлалт тоглоом наадгайны тухай хоёулаа ярилцлагаа эхэлье. Олны мэдэх шагай хаях, няслах, алаг мэлхий өрөх, оньсон тоглоомоос гадна хэчнээн төрөл зүйлийн тоглоом өвлөгдөж ирсэн бэ?

– Монголчууд бол нүүдлийн ахуйтайгаа тохирсон маш олон тоглоомтой. Тухайлбал, үйчүүр, хорол, буган жиргээ, шагайн харваа, алаг мэлхий, шагай няслах ч гэх мэт зөвхөн шагайны төрөл гэхэд 80 орчим тоглоом байдаг гэсэн судалгаа хүртэл бий. Жишээ нь, шагай няслах, шагай харвах, шүүрэх, морь уралдах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх хаях зэрэг олон төрөл зүйлтэй.

– Шинийн нэгний өглөө алаг мэлхий өрж тоглодог. Энэ тоглоом нь аз дагуулдаг гэв үү?

Алаг мэлхий өрөх гэдэг тоглоомыг монголчууд энгийн болон хүндэтгэлийн өрөг гэсэн хоёр үндсэн хэсгээр тоглодог. Энгийн өрөг нь жирийн үед тоглоно. Хүндэтгэлийн өргийг цагаан сарын битүүний орой бурхан тахилаа засч, битүүлж байхдаа алаг мэлхийгээ өрж орхино. Маргааш өглөө нь буюу шинийн нэгэнд золгосныхоо дараа тэр жилийнхээ хамгийн аз хийморийг шинжиж алаг мэлхийг тоглодог. Энгийн өргөөсөө /90 шагай/ ялгаатай нь 108 шагайгаар тоглодог. Ерөнхийдөө таван махбодын бэлгэдлийг агуулна. Нэгэн домогт өгүүлснээр эрт үед тооны ухаанд мэргэшсэн нэгэн залуухан сайд мэлхий агнажээ. Очтол мэлхий дээшээ харсан байж. Шинжихэд гэдэс нь түмбийж хийгээр дүүрсэн, ам нь амьсгаатай, дөрвөн сарвуундаа шороо атгасан, баруун суганаасаа зүүн сугаар нэвт харвуулсан байж. Залуу сайд мэлхийн арьсны хээг харахдаа алаг мэлхий гэдэг тоглоомыг анх зохиосон түүхтэй.  Энэ нь цаг тооны бичгийн эх үндэс болсон гэдэг. Хүндэтгэлийн өрөгт таван махбодын зүйлийг оруулж ирсэн нь ийм учиртай. Тоглоомд гал буюу амьсгалыг дөрвөн улаан шагай, шороог сарвуун тус бүр нэг цагаан шагай, баруун талаас нь харвасан нумыг таван ширхэг цэнхэр шагай, сумыг цагаан өнгөө бэлгэдэж гурван ширхэг цагаан шагай, мэлхий үхэхдээ шээс алдсан байсан учраас шээсийг нь гурван хар шагайгаар бэлгэдэж байсан.

– Үндэстэн, ястны онцлогоос шалтгаалан алаг мэлхийг тоглох нь өөр хоорондоо ялгаатай байх уу?

– Ерөнхийдөө энэ тоглоом нь нүүдэлчдийн хувьд шинэтгэлийн бэлгэдэл болсон. Өөрөөр хэлбэл, шинэ бүхний бэлгэдэл гэсэн үг. Баруун монголчуудын хувьд өвөлжөөнөөсөө нүүхдээ малынхаа хашаанд алаг мэлхий өрж бууцаар хучиж тавьдаг. Эсхүл өрсөн алаг мэлхийгээ усанд орхидог. Халх, төв монголчуудын хувьд алаг мэлхийг голын эхэнд тоглодог. Мөн алаг мэлхий нь хүүхдүүдэд өнгөний бэлгэдэл болдог. Энгийн өрөг дээр тоглоомоо есөн эрдэнээр бэлгэдсэн байдаг. Тухайлбал, “танан эрдэнийг бэлгэдэж гурван цагаан толгойгоо тавья” , “Оюу өнгийг бэлгэдэж 36 ногоон шагайгаар гэдсийг нь тавья” гэх мэт энэ бүрийн цаана Монгол хүүхдийг аливаа зүйлд бэлгэдэлтэй байх, ёс жудагтай байх, тоглоомоор дамжуулан өв соёлоо өвлүүлдэг байсны тод жишээ нь алаг мэлхий бусад тоглоомоор илэрдэг. Ер нь нутаг орон бүрт ерөнхий хэв шинж нь адилхан тоглогддог.

Алаг мэлхийнээс гадна үйчүүр, хорол тоглож тухайн жилийнхээ аз хийморийг шинждэг шүү дээ?

– Шинийн нэгний өглөө монголчууд үйчүүр, хорол гэх мэт тоглоомыг тоглодог. Манж, Чин улсын үед монголчуудын дунд даалуу их дэлгэрсэн. Даалуу буюу мөрийтэй тоглоомыг хориглохын тулд хорол тоглоомыг бий болгосон. Энэ тоглоомд бурхны шашны бэлгэдэл болгон зэндмэнэ, хангарьд гэх мэт дүрслэлүүдийг бий болгосон. Хоролыг шинийн нэгний өглөө тоглодог. Жил нь орж байгаа хүн энэ тоглоомыг эхлүүлдэг. Жил орж байгаа хүн байхгүй бол ивээл жилтэй нь эхлүүлдэг. Тоглоомын үеэр тухайн жилд аз хийморьтой байх хүнийг тодруулдаг уламжлалтай.

Уламжлалт тоглоом наадгай нь хүүхдийн хүмүүжил, оюун ухааныг хөгжүүлэхэд их ач холбогдолтой байх?

– Ардын сурган хүмүүжүүлэх үндсэн нэг арга нь тоглоомын нэг хэлбэр. Шагай тоглож сурснаараа хүүхэд маш олон дүрэм журмыг барьдаг. Тухайлбал, шагай нясаллаа гэхэд суусан газраа суух, олбог дээр хаях, шагайг нясалсан гараар авахгүй байх, булхайцахгүй байх зэрэг дүрмийг баримталж сурна. Хүүхэд 2-3 настайдаа шагай тоглож эхэлдэг бол эдгээр дүрэм журамд захирагдаж сурч байна гэсэн үг. Уламжлалт тоглоом нь хүүхдийг ажигч гярхай, тэвчээртэй, багаар ажиллаж сурах, бусад хүмүүстэй хамтран ажиллах үйл ажиллагаанд хүүхдийг сургахаас гадна шагай нясалж, харвах, морь уралдаж тоглох нь гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх олон талын ашиг тустай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж