Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.
Учран золгож байгаа XVII жарны “Урвуулагч хэмээх шороон гахай” жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Урин дулаан цагтаа зэрэгцэн улсын нийслэл болсон Улаанбаатар хотод хаврын ид бүтээн байгуулалт өрнөдөг. Энэ жил бидний хувьд, нийслэлчүүдийн тухайд ч хамгийн хариуцлагатай, их ажлын ард гарах он тоолол гэж хотын удирдлагын баг үзэж байна. Монгол улсын төсөв, нийслэлийн төлөвлөлт, гадаад дотоодын зээл тусламжаар сургууль цэцэрлэг, авто зам, эмнэлэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны шинэ хорооллуудын бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.
Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт ахиц авчирч, дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг хийхийн зэрэгцээ, иргэдийнхээ амралт ая тухтай орчныг хангахын төлөө хорооны даргаас өгсүүлээд хотын удирдлага хүртлээ бид ажиллаж байна. Ногоон хот, тав тухтай орчин, бүтээн байгуулалт өрнөсөн, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулж, утаа, агаар орчны бохирдолтой иргэд та бүхэнтэйгээ хамтдаа шийдэл, шийдвэр гаргасан шинэ он айсуй хэмээн билэгшээж байгаа юм.
“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” -ийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж, зорилтоо тодорхойлон зүтгэж байна. Нийслэлчүүд бид хамтаараа сайн сайхныг авчирч, амьдрах орчин, ажиллах нөхцөлөө сайжруулж чадна гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчид шат шатандаа хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн, хүнд суртал, авлигагүй, ил тодоор түмэндээ үйлчилж, төрийн нэр хүндийг ямагт өндөр өргөнө гэдэгт итгэлтэй байна.
“Урвуулагч хэмээх шороон гахай” жилийн эхний ажил болгон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Хурууны хээ”-гээр нийслэлийн харьяа 28 байгууллагын 331 үйлчилгээг ямар нэгэн лавлагаа, чирэгдэлгүйгээр авах үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаж дуусч байна. Нийслэлийн хот өнөөдөр 44 нэр төрлийн үйлчилгээгээ цахимжуулсан гэдгийг ч дуулгахад таатай байна. Иргэдийнхээ цагийг хэмнэсэн, хотын түгжрэлийг бууруулах, хүнд суртлыг халах чиглэлээр шинэ санаачлагатай, орчин үеийн технологит тулгуурласан ажлуудыг бид шат дараалан хийх болно.
Өвлийн жавар алсалж, нарны гэрэл наашилж, хүн амьтны зоо тэнийсэн хавар цагт өдөр уртасч, бүтээн байгуулалт ундардаг. Ирж яваа цагт ихийг хийхийн төлөө чармайн ажиллана. “Урвуулагч хэмээх шороон гахай жилдээ” Улаанбаатарчуудын хувьд урагшлан дэвжсэн, хүн зон маань эрүүл саруул, ажил хөдөлмөрийн өндөр их гараанд хүрсэн, нийтээрээ нийслэлийнхээ хөгжлийг урагшлуулахын төлөө жил байгаасай хэмээн хотын удирдлагын зүгээс хүсч байна.
Өвгөдөө дээдэлж, нялхсаа асарч, айл хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН
ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТБАЯСГАЛАН