Наадмын комисс анхны хуралдаанаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Наадмын комисс анхны хуралдаанаа хийлээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр  баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоол гарсан.

Өнөөдрийн хуралдаанаар  баяр наадмын салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. Үндэсний их баяр наадмын салбар хорооны даргаар ХХАА-н дэд сайд Б.Батзориг, Хурдан морины салбар хорооны даргаар,БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Үндэсний сурын салбар хорооны даргаар ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Шагайн салбар хорооны даргаар ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Тохижолт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны даргаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэв журмын салбар хорооны даргаар ЦЕГ-ын дарга Р.Чингис, Урлаг, соёлын салбар хорооны даргаар, БСШУ-ы дэд сайд Ч.Төмөрбаатар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны даргаар Б.Цээпил нар ажиллах аж.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх  “Үндэсний их баяр наадам болоход гурван сарын хугацаа үлдээд байна. Бид асуудлыг хэт цагийг нь тулгаж шийддэгээс болоод алдаа дутагдал их гарч төрийнхөө наадмыг дэлхий дахинд сурталчлах ажилд хойрго ханддаг тал бий. Эдийн засгийн байдал сайнгүй байгаа учраас төсвийн хувьд хэмнэлттэй байх ёстой хэдий ч сэтгэл гаргаж шинэ санаагаа тусгаж хамтдаа нэг баг болж ажиллах хэрэгтэй. Салбар хорооны дарга нар ажилтайгаа сайн танилц. Судалгаанд үндэслэсэн сайн төлөвлөгөө гаргаж урьд урьдын жилээс илүү сайн зохион байгуулахыг хичээ. Баяр наадам бол зөвхөн баярлаад зогсохгүй дэлхийд монголын нэрийг гаргах асар чухал ажил гэдгийг мартаж болохгүй. Салбар хорооны бүрэлдэхүүнд байгаа хэн ч 7-р сарын 20-ноос өмнө амарч болохгүй. Сахилгатай, хариуцлагатай, хариуцсан ажилдаа эзэн болох хэрэгтэй”  гэжээ. 

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж