Японы зах зээлд хэн гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Японы зах зээлд хэн гарах вэ?

Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд аравт жагсдаг, 127 сая хүн амтай Япон улстай Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын аж ахуйн нэгжүүдэд ямар боломж нээгдсэн, Японы зах зээлээс валют босгохын тулд юуг үйлдвэрлэж, экспортолбол боломж нээлттэй байна вэ гэдгийг “Эдийн засгийн түншлэл” салбар хуралдааны хүрээнд хөндлөө.  Хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хүрээнд Монголын тал 5700 орчим төрлийн бараа, Японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулахаар тусгажээ.  Тухайлбал, Монголоос Японы зах зээл рүү нэвтрүүлэх боломжтой гол нэрийн бүтээгдэхүүнд  дараах бүтээгдэхүүнийг багтааж байна.


Оёмол сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн: 8-11 хувийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үеэс шууд тэглэнэ.

Арьсан гутал, үслэг эдлэл, арсаар хийсэн цүнх, түрийвч: 20 орчим хувийн татварыг үе шаттай бууруулж тэглэнэ.

Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн тодруулбал, ган, төмөр, төмөрлөг зүйлс: 3 хувийн татварыг шууд болон үе шаттай бууруулна.

Боловсруулсан махан бүтээгдэхүүн: 10 орчим хувийн татварыг тодорхой тоон хязгаарлалтад шууд тэглэнэ.

Сүүн бүтээгдэхүүн: 25-40 хувийн татварыг тодорхой тоон хязгаарлалтад шууд тэглэнэ.

Гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүн: 5-20 хувийн татварыг тодорхой тоон хязгаарлалтад шууд тэглэнэ.

Архи дарс, зарим төрлийн жимсний ундаа, чанамал: 16-25 хувийн татварыг шууд тэглэнэ.

Хүнсний ногоо: 3-12 хувийн татварыг үе шаттай бууруулж тэглэх юм байна.

Ийм боломж бий болсноор Япон руу 2 сая төгрөг төлж очдог бүтээгдэхүүнээс 1 сая төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа аж.


Япон 3 сая ноолууран хувцас импортоор авдаг

Монгол Улс, Япон улсын хооронд хийгдсэн сүүлийн таван жилийн худалдааны дүнг авч үзвэл газар тэнгэр шиг зөрүүтэй аж. Монгол Улс Японоос 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний барааг импортолсон хэрнээ 54.5 сая ам.доллартай тэнцэх барааг экспортолжээ. Импортоор оруулж ирсэн барааны 70 хувийг авто машины импорт эзэлдэг байна. Тиймээс экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт “Мицүй Сүмитомо банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Хажимэ Үчида зөвлөлөө. Монгол мал аж ахуйн орон. Түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолсноор Японы зах зээлээс валют олох боломж дүүрэн байна. Учир нь тус улс жил тутамд 3 сая ноолууран хувцсыг дэлхийн зах зээлээс импортоор авдагаас 2 хувь нь Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн эзэлдэг. Японы зах зээл рүү бараа экспортлоход хүнд биш. Гол нь тухайн үйлдвэрлэсэн барааны гарал үүсэл, процессыг нэг бүрчлэн бичсэн, тэр нь үнэн бодитой байх. Хятадын ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд хэдэн саяараа орж ирдэг ч энэ талын мэдээлэл дутмаг байдаг аж. Тиймээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өндөр зэрэглэлийнх гэдгийг тодотгосон байх нь чухал юм байна. Хоёрдугаарт, ноолуурын үйлдвэрүүд Японы технологийг оруулж ирж үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх нь үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

“Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Норихико Катогийн зөвлөснөөр Монголын бизнесмэнүүд эхлээд Японы зах зээлд судалгаа хийх ёстой. Яг ямар хийц загвартай ноолууран бүтээгдэхүүн сонирхох вэ гэдгийг эхэлж мэдэж авах. Хоёрт, Монголын компаниуд бүтээгдэхүүнээ Японы зах зээлд таниулах, сурталчилхад анхаарах. Хоёр талын бизнесмэнүүдийг холбоход “Хаан банк” дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Гуравт, Монголын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчтай хамтраад бүтээгдэхүүнээ Японы зах зээл рүү гаргах боломж байна.

Японы корпорациуд түүхий эдийг импортоор авдаг

Японы “Тоёота”, “Ниссан” зэрэг компаниуд автомашины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Эдгээр компаниуд автомашиныхаа түүхий эдийг импортоор авдаг. Дээрх компаниуд зардлаа бууруулах боломжийг судалж байгаа бөгөөд түүнд нь бэлтгэлтэй байж, хэрэгцээг нь хангах боломж байна. Жишээ нь, авто машины жижиг эд ангиудыг үйлдвэрлэж нийлүүлж болох ирээдүй хүлээж байна.

“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалтын хүрээнд болсон “Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг эдийн засагч Б.Дөлгөөн удирдлаа. Харин зочдоор УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны асуудал эрхэлсэн Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Болдбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Мицүй Сүмитомо банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Хажимэ Үчида, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга М.Сарандаваа нар оролцлоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж