Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай асуудлыг Д.Трамп, Ким Жон Ун нар Сингапурын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн тохирсон билээ. Хойд Солонгосын зүгээс цөмийн зэвсгээ үгүй хийснийх нь хариуд АНУ-ыг Солонгосын хойгоос цэргүүдээ гаргах тухай асуудлыг дэвшүүлэн тавьж байсан бол Д.Трамп үүнийг өчигдөр /2019.02.03/ CBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр няцаав.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргийн тоог бууруулах, эргүүлэн татах бодол одоохондоо алга хэмээн ярилцлагынхаа үеэр цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Хойд Солонгосыг эдийн засгаа хөгжүүлэх асар их нөөц боломжтой боловч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаас нааш амжилтад хүрэх боломжгүй гэжээ. Гэхдээ Өмнөд Солонгост АНУ-ын цэргүүдийг байрлуулах нь маш их зардалтай байгаа тул цэргүүдийн тоог бууруулах тухай асуудлыг хөндөж болох юм гэв.
Дашрамд дурдахад, Д.Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр болох билээ. Д.Трамп уулзалт болох өдөр болон газрыг маргааш хийх мэдэгдлийнхээ үеэр хэлэх юм. Дээд хэмжээний уулзалтын асуудлаар Хойд Солонгосын асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай элч Стефен Биган өнөөдөр /2019.02.04/ Панмүнжон тосгонд БНАСАУ-ын төлөөлөгчтэй уулзана. Панмүнжон нь хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүст байрлах тосгон юм.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ