Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2019.02.04/ Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхол хүртээлээ.
ЗАРЛИГТ:
“…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
“МОРЬД” НАЙРАГЛАЛААРАА БИ МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛД МОРЬТОЙГОО ИРСЭН
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч баярын сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Тэрбээр "Олон жил бодож байсан. Би Төрийн соёрхол шагналд гурван удаа дэвшиж дөрөв дахь дээрээ энэ сайхан шагналыг авлаа. Монгол төрийнхөө хойморт Ерөнхийлөгч Х.Баттулгад баярлаж байгаагаа илэрхийлье. Миний энэ шагналыг Ерөнхийлөгч, Тамгын газрын газрын даргаас гадна ард түмэн “Есөн эрдэнийн орон” найраглалд дуртай учраас энэ шагналд бүх хүн дуртай байгаа гэдэгт би баярлаж байна. Маш олон хүн надад утсаар баяр хүргэж, дахин сайхан бүтээл туурвиарай гэж хэлсэнд нь би баярлаж байна. Миний анхны шүлэг Үнэн, Хөдөлмөр сонинд нийтлэгдэж, тухайн үеийн тогтмол хэвлэлүүдэд гарч байсан. “Морьд” найраглал нэртэй анхны ном маань 1967 онд гарсан. “Морьд” найраглалаараа би Монголын утга зохиолд морьтой ирсэн найрагч гэдэг нэр авсан. Монголын ард түмэн моринд хайртай учраас энэхүү бүтээл маань сэтгэлд нь илүү хүрсэн болов уу. Сэтгэгдэл маш өндөр байна” гэлээ.
Төрийн соёрхолт П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаар сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж “Морьд” , “Есөн эрдэнийн орон” , “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд” , “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ. 1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хvртжээ.
Холбоотой мэдээ