АНУ Венесуэлд тусламж илгээнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

АНУ Венесуэлд тусламж илгээнэ

АНУ Венесуэлд тусламж илгээнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Венесуэлд өрнөсөн онцлох үйл явдлууд:

  • Хоол хүнсний хомсдолд орсон Венесуэлд АНУ хүмүүнлэгийн тусламж илгээнэ
  • Н.Мадурогийн талд зогсож байсан Венесуэлийн зэвсэгт хүчнийхэн Х.Гуайдогийн талд орж байна
  • Н.Мадуро парламентын ээлжит бус сонгууль явуулахыг уриалав
  • Шаардлагатай бол АНУ-ын цэргийн хүчийг Венесуэлд оруулах тухай Д.Трамп онцлов

Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан томоохон жагсаал хоёр долоо хоногийн өмнө эхэлж, сөргөлдөгч улс төрийн хүчнүүдийн дунд томоохон тэмцэл өрнөж байгаа билээ. Харин Бямба гаригт /2019.02.02/ болсон жагсаалын онцлог нь Н.Мадуро болон Х.Гуайдогийн аль алиных нь дэмжигчид өргөнөөр оролцсон явдал байв.

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан Хуан Гуайдогийн хүсэлтээр АНУ тус улсад хүмүүнлэгийн тусламж илгээхээр болжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Гуайдогийн хүсэлтээр Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хоол, хүнсний материал бэлтгэсэн тухайгаа цахим хуудсандаа мэдээлсэн байна. Харин Н.Мадуро “венесуэлчүүд гуйлгачин биш” хэмээн гадаад улс орнуудын Венесуэлд санал болгож буй тусламжийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Венесуэлийн жагсаал тэмцэлд амралтын өдрүүдээр гарсан нэг эргэлт нь Н.Мадурогийн талд баттай зогсож байсан тус улсын зэвсэгт хүчин Х.Гуайдогийн талд орж эхэлсэн явдал юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-д суугаа Венесуэлийн цэргийн атташе Н.Мадурог эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Бямба гаригт агаарын хүчний генерал Франциско Янец Х.Гуайдог дэмжихээ илэрхийллээ. Х.Гуайдо Венесуэлийн жагсаал тэмцлийн шийдвэрлэх хүчин зүйл болох зэвсэгт хүчнийхнийг “дарангуйлаг” Н.Мадуротой тэмцэж, ард түмнийхээ талд зогсохыг ятгахаар генералуудтай нууц уулзалт хийсэн аж.

Өнгөрөгч Бямба гаригт Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро улс оронд нь үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд яаралтай парламентын сонгуулийг явуулж, сөрөг хүчин олонх болсон Үндэсний ассамблейн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай байгааг анхааруулжээ. Дашрамд дурдахад, Х.Гуайдо нь Үндэсний ассамблейн дарга бөгөөд 2020 онд л Венесуэлийн парламентын ээлжит сонгууль явагдах учиртай билээ.

Венесуэлд өөрчлөлт шинэчлэлтийг авчрахын тулд Х.Гуайдогийн хэрэглэж байгаа бас нэг арга бол гадаад улс орнуудын дэмжлэг юм. Ялангуяа венесуэлчүүдийн ихээр дүрвэн очсон Латин Америкийн хөрш улс орнуудаас дэмжлэг хүсч байгаа. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп шаардлагатай тохиолдолд АНУ-ын цэргийн хүчийг Венесуэлд ашиглахыг үгүйсгэсэнгүй.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж