Иргэний оролцоо гэдэг үгийг одоо хэр дуулаагүй явж байгаа хүмүүс ч бий. Ийм үг бидний хэл ярианд байгаагүй болохоор зарим нэг нь ойлгохгүй. Арга ч үгүй биз, иргэдээ оролцуулж, асуудлаа шийдэлгүй, алс холын Москвагаас удирдуулж, өнгөрсөн зууныг дуусгасан түүхтэй. Ямартай ч энэ үг ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Цахиагийн Элбэгдорж МУ-ын Ерөнхийлөгч болсноор бидний хэл яриа, өдөр тутмын амьдралд орж ирээд нэлээд хэдэн жил болж байна. 2013 оныг “Иргэний оролцооны жил” болгон зарласнаар олон үр дүнтэй ажлууд хийгдэж ирлээ. Энэ ажлын гол “тархи”, “хөдөлгөгч хүч” нь МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, Эдийн засгийн бодлогын Зөвлөх Л. Дашдорж гэдгийг хөдөө орон нутаг, нийслэлд, өөрийн оршин суугаа орчин болон Монгол орныхоо хөгжилд анхаарал тавьдаг иргэд хэдийнээ сайн мэдэх болсон билээ.
МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, Эдийн засгийн бодлогын Зөвлөх Л.Дашдорж
Иргэний оролцоог хөгжүүлэх үйлсэд гадаад, дотоодын олон байгууллага, хүмүүс хамтран ажиллаж байгаагаас дурдвал Швейцарын Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Азийн Сан, Шууд Ардчилал Хүрээлэн, Нийслэлийн Иргэний Танхим, МҮОНТ, Монголын Радио, Өдрийн Сонин, News.mn сайт зэргийг эн тэргүүнд нэрлэж болно. Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн Сан иргэний оролцоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилго бүхий төслийг хоёр жил хагасын хугацаанд хэрэгжүүлж, энэ хүрээнд Монгол улсын арван дөрвөн сум, нийслэлийн Хан уул дүүргийн 3 хороог сонгон авч, загвар сум, хороод болгон хамтран ажиллаж ирлээ. Энэ арван долоон загвар газарт зургаан залуусыг Орон нутгийн зохицуулагчаар (ОНЗ) сонгон ажиллуулж, тэд маш их зүйлд суралцан, цаашид улам ихийг хийж бүтээх мэдлэг чадвартай болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Азийн Сан хамтран Fostering Civic Engagement at sub-national level (FOCE) буюу “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд ОНЗ-ид төдийгүй орон нутгийн засаг захиргааны ажилтнууд хамтран, маш идэвхитэй ажилласан юм. Үүний үр дүнд энэхүү загвар сум, хороодын иргэд Шууд Ардчилал”, “Нийтийн зар мэдээ”, “Орон Нутгийн Хөгжлийн Сан”, “Хэлэлцүүлэг”, “Хөтлөх урлаг” зэрэг урд өмнө нь сонсож дуулж байгаагүй олон зүйлийг мэдэж авсны сацуу өөрсдөө идэвхитэй оролцож, иргэдийнхээ санаа бодлыг засаг захиргаа нь сонсоод зогсохгүй, тэдний саналыг шийдвэртээ тусган, хэрэгжүүлж болдог гэдгийг ч сайн мэдэж авцгаасан юм. Олон шинэ зүйлийг иргэдийн санаа бодлыг тусган хийсэн тухай мэдээ мэдээллийг Шууд Ардчилал Хүрээлэн МҮОНТ, Монголын Радио, Өдрийн сонин, News.mn сайт болон хүрээлэнгийнхээ www.shuud-ardchilal.mn сайтаар цаг тухайд нь олон нийтэд хүргэж байсан учир хүмүүс нэлээд мэдээлтэй болоод байна.
Загвар сум, хороодын засаг дарга, ИТХ-ын дарга, хурлын нарийн бичгийн дарга, Иргэний танхимын ажилтнууд, багийн засаг дарга зэрэг олон хүмүүс энэ төслийн хүрээнд зохион байгуулагдсан ажлуудад оролцож, иргэдээ сонсох, тэдний юу хүсэж, удирдлагаасаа юу хүлээж байдгийг мэдэж авахад суралцсан ба тэдний санаа бодол хамгийн үнэтэй зөвлөгөө болохыг ч сайтар мэдэж авцгаасан юм. “Иргэдийн гаргасан саналыг эрэмбэлэх”, “Иргэдийн бүлгээр ажил гүйцэтгүүлэх” зэрэг цоо шинэ ойлголтуудыг загвар сум, хороодын удирдлагууд сайн эзэмшсэн ба Мягмар гарагт болсон хаалтын буюу үр дүнгийн уулзалтын үеэр хэдийгээр төсөл дуусаж байгаа ч сурсан, эзэмшсэнээ цаашдын ажил үйлсдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухайгаа ярьж, хамтран ажилласан байгуулагууддаа талархал илэрхийлж байлаа.
Төслийн гол үр дүн, амжилтыг МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, Эдийн засгийн бодлогын Зөвлөх Л.Дашдорж дүгнэн ярьсны дараа уулзалтанд оролцогчид “Иргэний боловсрол”, “Оролцоотой шийдвэр”, “Харилцан суралцах”, “Нийгмийн хариуцлага” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, МУИС-ийн Профессор, доктор А.Энхбат “Бодлогын болон хууль эрх зүйн нөлөө”-ний талаар төслийн явцад хийсэн дүгнэлтээ танилцуулснаар арван долоон загвар сум, хороодын үр дүнгийн уулзалт өндөрлөв. Газар дээр нь хэрэгжүүлэн ажилласан эдгээр хүмүүс хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх нь хамгаас чухал гэдэг дээр санал нэг байсан ба ялангуяа “Иргэний оролцооны хууль”-ийг нэн яаралтай батлах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Иргэний оролцоо, шууд ардчилал, төвлөрлийг сааруулах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулсан, Монгол улсын цаашдын хөгжлийн гарц болох цоо шинэ асуудлууд дээр гардан ажиллаж, хэрэгжүүлсэн энэхүү анхны арван долоон загвар сум, хороодынхон цаашид ч энэ эрч хүчээ алдахгүй ажиллана гэдгээ хэлж ярьж, итгэлтэй байлаа. Иргэний оролцоогоор дамжуулан хэрэгжүүлэх хөгжил дэвшил өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрээс эхлэх цаг нэгэнт болжээ. Иргэний санаа бодол бол эрх мэдэлтнүүдийн хэрэгжүүлэх ёстой эн тэргүүн зүйл гэдгийг орон даяараа мэдэж, хийж бүтээх нь бүхнээс чухал байна. Хүн бүрийг сонсож, эрвийх дэрвийхээрээ хамтран ажиллахад хөгжиж болохгүй зүйл үгүй!
Доктор Р.Даваа
Шууд Ардчилал Хүрээлэн