Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй

Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй

Битүүний  өдөр буюу өнөөдөр /2019.02.04/  дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Тодруулбал, 1, 6 тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй.

Харин дугаарын хязгаарлалт маргаашаас /2019.02.05/ эхлээд энэ сарын 10-ны өдрийг дуустал үйлчлэхгүй юм байна. 

Сар шинийн баярын үеэр олон хоног амрах учраас  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Тээврийн цагдаагийн албаны  530 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн  250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэлд ажиллана. Тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1 хамтран ажиллах бөгөөд давхар олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэх гэнэ.

92 ЧИГЛЭЛД 700 ИХ, ДУНД БАГТААМЖИЙН АВТОБУС, ТРОЛЛЕЙБУС ҮЙЛЧИЛНЭ

Нийслэлийн тээврийн  газраас  сар шинийн баярын  өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн нэг, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.

 Ингэхдээ иргэдийн ихээр  зорчин,  ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж төлөвлөн бэлтгэл ажлыг хангажээ.

 ХОТ ХООРОНДЫН ЧИГЛЭЛД 1200 АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ 

Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал эрс  нэмэгддэг.

Тэгвэл Авто тээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байна.

  • Сонгино-Хайрхан дүүргийн  Зорчигч тээврийн төв буюу Драгон авто вокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл,
  • Баянзүрх дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах авто буудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл,
  • Шинээр нээгдсэн Хан-Уул дүүргийн "Лавай" авто буудлаас  найман чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлсэн байна.

Нийт  1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.

УЛААНБААТАР – ДАРХАН ЧИГЛЭЛД РЭЙЛБУСААР ҮЙЛЧИЛНЭ

“Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс сар шинийн баярын үеэр Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рэйлбус аялуулахаар болжээ.

Рэйлбус  өнөөдрөөс /2019.02.04/ эхлэн үйлчилгээнд гарч буй бөгөөд хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу аялах юм байна.

Тасалбарын үнэ чиглэлээсээ хамаараад янз бүр. Тухайлбал,

  • УБ-Толгойт  хүртэл том хүн 1500, хүүхэд 700 төгрөг
  • УБ-Мандал хүртэл  том хүн 7800, хүүхэд 3000  төгрөг
  • УБ-Баянбуурал хүртэл  том хүн 9800, хүүхэд 4600 төгрөг
  • УБ-Түнх хүртэл  том хүн  10100, хүүхэд 4900 төгрөг
  • УБ-Зүүнхараа  хүртэл том хүн 11400, хүүхэд 5000 төгрөг
  • УБ-Дархан хүртэл  том хүн 16400, хүүхэд 7100 төгрөг

 

ХИЛИЙН БООМТУУД ГУРВАН ХОНОГ АМАРНА

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  хоёрдугаар  сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр “Цагаан сар”-ын баяр тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж