Бүтэн байхын учир буюу битүүлэх ёсон | News.MN

Бүтэн байхын учир буюу битүүлэх ёсон

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Бүтэн байхын учир буюу битүүлэх ёсон

Бүтэн байхын учир буюу битүүлэх ёсон

Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын сүүлийн өдөр, үдэж байгаа оны эцсийн үдэш.

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэнэ эвлүүлэх зэргээр тоглодог.

Энэ  үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчдөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.

Битүүний өдөр цээрлэх зан үйл:

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тонтойж буй хэрэг.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээнэ.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 66.181.176.91

ГЯЛАЙЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж