"Дарханы дулааны станцад бүрэн шинэчлэл хийх шаардлагатай" | News.MN

"Дарханы дулааны станцад бүрэн шинэчлэл хийх шаардлагатай"

ХАЯНХЯРВАА

"Дарханы дулааны станцад бүрэн шинэчлэл хийх шаардлагатай"

"Дарханы дулааны станцад бүрэн шинэчлэл хийх шаардлагатай"

Дархан хотын цорын ганц дулааны эрчим хүчний эх үүсвэр болсон “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК өдгөө 54 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд станцын турбин, генераторууд нь технологийн хувьд хоцрогдсоны зэрэгцээ, баталгаат хугацаа нь дуусаад багагүй хугацаа өнгөрсөн байна.

Тус станцын Ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ “Үндсэн тоноглол  ялангуяа турбины ашиглалтын хугацаа дууссан. Үйлдвэрээс 120 мянган цагаас илүү ажиллахыг зөвшөөрөхгүй гэсэн байдаг. Гэтэл одоо манай машин 300 мянган цаг ажиллачхаад байна. Ийм учраас бид тртанубиныг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Манай станц Дархан хотын дулааны ганц эх үүсвэр. Тасралтгүй найдвартай ажиллаж байх ёстой. Энэ үүднээс бид төсөл хөтөлбөр боловсруулаад 35 мегаватын шинэ трубиныг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр хуучин трубинууддаа засвар үйлчилгээ хийх, цаашид шинэчлэх боломжтой болно” гэсэн юм.

Трубины шинэчлэлийн төсөл өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа явж байгаа бөгөөд ирэх тавдугаар сар гэхэд дуусгахаар тооцжээ. Үр дүнд нь Дархан хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг ирэх 10-15 жилийн хугацаанд найдвартай хангах юм байна. Уг төслийг ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны 20 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын төсвийн 10.45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Зээлийн хувьд жилийн 0.75 хувийн хүүтэй гэнэ. Төслийн зөвлөхөөр ХБНГУ-ын Gopa INTEC компани, гүйцэтгэгчээр БНХАУ-ын China Energy Engineering Group Tianjin Electric Power Construction ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд эргэлтийн усны шугамын тулгуурын барилга угсралт, шугам хоолойн угсралт, хөргөгч цамхгаас эргэлтийн усны насос станц хүртэлх газар доорх шугамын угсралт, турбин болон турбины өргөтгөлийн барилга угсралт, 40 МВА-н хүчин чадалтай шинэ трансформаторын угсралт суурилуулалтын ажил, цахилгааны хуваарилах байгууламж ГРУ 6кв-н өргөтгөлийн барилга угсралтын ажил тоноглолын хамт, цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын барилга угсралт, эргэлтийн усны насос станцад насос суурилуулах, хөргөгч цамхаг №1 сэргээн засварлах гэх мэт олон ажил хийжээ.

Гэхдээ турбины шинэчлэл хийснээр Дарханы дулааны цахилгаан станц ямар ч асуудалгүй болчихно гэвэл тийм биш гэнэ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэлийн төсөлтэй танилцах үеэр гүйцэтгэх захирал Н.Чимэддорж “1990-ээд оноос хойш тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бодлого алдагдсанаас урсгал засвараас дээш гаргах хөрөнгөгүй болсон. Бид трубины шинэчлэл хийхээр 2004 оноос хойш ажиллаж байж үр дүнд хүрлээ. Хөрөнгө оруулалт олох ажил удаан хугацаанд хэрэгждэг учраас энэ ажлыг бид дор хаяж арван жилийн өмнө төлөвлөж байх ёстой. Өнөөдөр ч тулгамдсан асуудал цөөнгүй байна. 2015 онд хийгдсэн үнсэн далан 80 хувь нь дүүрчхээд байгаа. Шинэ трубин ороод ажиллавал 1.5 жилийн дараа дүүрнэ. Бидэнд хаана хаягдлаа хаях вэ гэдэг асуудал тулгарч байна. Гэтэл үнсэн далан барих ажил үндсэндээ хоёр жил хийгддэг юм шүү дээ. Тэгэхээр 2019 онд бид зураг төслийг нь хийнэ. 2020 онд үүнийг ямар хөрөнгөөр хийх вэ гэдэг асуудлаар яам тамгын газарт хандана. Мөн Улаанбаатар хотод дулааны цахилгаан станцад аваар гарч хүн эрсэдсэн явдал гарч байсан. Яг тийм нөхцөл үүсэх аюул манай станцад ч байна. Манай тэжээлийн усны шугам хоолой 1965 онд ашиглалтад орсноос хойш зөвхөн хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэн байдалтай байгаа. Үүн дээр бид хяналт тавиад явж байна. Бид таван жилийн хугацаанд шат дараатайгаар хэсэгчлэн шинэчлэхээр зорьж байна. Шугам хоолойны шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй. Ер нь манай станц их хуучирсан шүү. Жилийн 365 хоногийн дөрвөн өдөрт л станц бүрэн зогсолт хийж цахилгаан тоног төхөөрөмжийн засвар хийж байгаа. Ажиллаж байхад орж засварлаж болохгүй зүйлсээ тэгж засч байгаа хэрэг. Дархан хотын дулааны цорын ганц эх үүсвэр болохоор бүрэн эх засвар хийх ямар ч боломжгүй л явж байна даа” гэв. Мөн “Гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгаж, түүнийгээ яам, Засгийн газраар дэмжүүлэх бодлогыг явуулж чадах юм бол станцуудын шинэчлэлийн бодлого жигдхэн явна” гэж боддогоо хэлсэн юм. Ерөнхийдөө яг өнөөгийн байдлаар тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд арав гаруй тэрбум төгрөгийн шаардлага байгаа аж.

Дарханы дулааны цахилгаан станцынхны санааг зовоож байгаа асуудал ганц станцын хуучралт биш бололтой. Тухайлбал, дулааны цахилгаан станцын тохируулга гэж их зовлонтой эд байдаг юм байна. Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт буюу хойд бүсийн цахилгаан станцууд тохиргоогоо Шарын голын нүүрс хэрэглэхээр хийжээ. 2007 онд Шарын голын нүүрсний уурхай хямарсны улмаас Дарханы дулааны цахилгаан станц есөн зуухныхаа хоёрыг Багануурын нүүрсээр ажилладаг болгож өөрчилсөн байна. Түүнээс хойш Багануурын уурхайгаас жилд 100 мянган тонн нүүрс, Шарын голын уурхайгаас 280-300 мянган тонн нүүрс авч хэрэглэдэг болжээ. Удахгүй шинэ трубин ашиглалтад орсноор илүү их нүүрс Шарын голын уурхайгаас авах болж байгаа гэнэ. Гэтэл нөгөө талд Шарын голын уурхайг эзэмшиж байсан гадаад компани уурхайгаа монголчуудад зараад гараад явчихсан байна. Харин Шарын голын уурхайн шинэ эзэд нэлээд мунгинаж байгаа бололтой. “Түрүүлж мөнгө төлөхгүй бол бид хөрс хуулалтаа ч дийлэхгүй нь”, “Нүүрснийхээ үнийг дөрвөн мянган төгрөгөөр нэмнэ” гэх зэрэг үг цухуйлгах болж. Хэрэв нүүрсний үнэ нэмэгдвэл дагаад цахилгааны тариф нэмэх болно. Эсвэл илүү хол атлаа илчээр Шарын голын нүүрснээс бага Багануурын нүүрс хэрэглэх сонголт байгаа юм. Дээр нь үүнийг хийхийн тулд мэдээж технологи, горимдоо өөрчлөлт хийх ёстой аж. Хэдийгээр ийм асуудлууд байгаа ч Дарханы дулааны цахилгаан станцын ажил үйлс итгэлтэйгээр урагшилж буйг очиж хараад ирлээ. Шинэ трубин нь ажиллаж эхэлснээр хүчин чадал нь 20 хувиар нэмэгдэж, найдвартай ажиллагаа нь сайжирч цаашдаа ажиллах хугацаа нь сунах юм байна. Дархан бол их ирээдүйтэй хот. Тиймээс ч өргөжин тэлэхэд нь найдвартай эх үүсвэр хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд тус станцын хамт олон өөрсдийнхөө боломжид тулгуурлаж, төсөл боловсруулж тулгарсан асуудлаа зохицуулж, үйлдвэрээ ашигтай ажиллуулан улсаас татаас авалгүй явж байгаа олон сайн мэдээг дуулгасаар үдсэн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 103.57.93.15

Ерөнхий инженер РД уншаагүй байх гэж байдаг л юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж