“Болор цом 36” наадмын цомын эзэн, яруу найрагч Б.Баттулгыг орон сууцтай болгох аяныг цахим сүлжээгээр хийж эхэлсэн билээ. Тэгвэл Б.Баттулга найрагч маань сар шинийн өмнөхөн шинэ байрандаа оржээ.
Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Б.Баттулга Завхан аймгийн Их-Уул сумын харьяат юм. Тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил Улаанбаатарт суурин амьдарч байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн байргүй байсан түүнд нутгийнх нь сайн үйлсийн аяныг эхлүүлж мөнгөн хандив цуглуулж эхэлсэн. Хандивын арга хэмжээнд Гавьяат жүжигчин У.Далантай, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Г.Батсүх, түүний найзууд болон Завхан аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, ард иргэд оролцжээ.
“Болор цом 36” наадмын цомын эзэн, яруу найрагч Б.Баттулга зургаа дахь хүүхдээ сар шинийн өмнө өлгийдөн авсан юм. Тэгвэл өнөр гэр бүл найрагчдаа нутгийн ард түмэн нь хоёр өрөө байрыг бэлэглэж, “Болор цом” шагналыг нь ийнхүү хүндэтгэлээ.
Б.Баттулга найрагчийн олонд хүрсэн “МӨНГӨН ШӨНӨӨР” шүлгийг хүргэж байна.
МӨНГӨН ШӨНӨӨР
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ
Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ
Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
Холын хол аялалд одохын тэр цагт минь
Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна
Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно доо
~Зүсэрч буй бороон дундуур би ч бас зүсэрч л явна…
Холбоотой мэдээ