Урд, хойд хөршийг хурдны замаар холбоно

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Урд, хойд хөршийг хурдны замаар холбоно

Монгол Улсын хувьд далайд гарцгүй орон хэдий ч эдийн засгийн хүчирхэг хоёр том хөрш орны хооронд оршин буй билээ. ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2015 онд 100 тэрбум ам.долларт, 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрэх тооцоог хойд хөршийн эдийн засагчид мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ хоёр том орны хооронд хийгдэх тээврийн хамгийн дөт зам бол Монголоор дайран гарах тээврийн коридор юм. Тиймдээ ч манай улсын ерөнхийлөгч өнгөрсөн 2014 онд Душанбе хотод болсон уулзалтын үеэр “Талын зам” санаачлагыг гаргасан байдаг. Энэ нь Талын зам төслийн хүрээнд ОХУ-аас БНХАУ руу татагдах хурдны транзит авто зам, төмөр зам, хийн ба газийн хоолой, цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дайруулан барьж байгуулах санаачлага юм.Гэвч манай улсын хувьд 2010 онд концессээр хэрэгжүүлэх төслүүдээ УИХ-аар хэлэлцүүлэн баталж, Алтанбулаг –Улаанбаатар – Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барих тендер зарлан, тендерт ялсан компанитай 2014 оны 3-р сард концессийн гэрээг байгуулсан байдаг.

Харин уг хурдны авто замын трасс батлагдахгүй удаж, үүнтээс үүдэн ажил саатаж  байгаа тухай хэвлэлээр бичигдэж байсан бол дөнгөж өчигдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Зам тээврийн сайдын тушаалаар хэсэгчлэн батлагджээ.

Хэсэгчлэн гэсний учир нь уг хурдны авто замын трасс Улаанбаатар хотын баруун талаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыгдайран, урагшаа Замын-Үүдийг чиглэхээр урьдчилан тогтоогдсон байна. Гэтэл энэ оны 1-р сард ЗГХЭГ-аас байгуулсан ажлын хэсгээс уг транзит хурдны авто замыг өөрчлөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас зүүн тийш,ирээдүйд төлөвлөж буй Майдар хот руу хазайлган татуулах санал тавьсанаас болж уг хэсгийг батлахгүй үлдээсэн юм байна. Харин энэ ажлын хэсэг одоогоор дахиж хэзээ хуралдах нь тодорхойгүй хүлээлттэй байгаа учраас арга буюу Зам тээврийн сайд энэхүү замын трассыг хэсэгчлэн баталсан бололтой.

Энэ талаар хурдны авто замын төсөл хэрэгжүүлэгч “Чингис лэнд девелопмент” группээс тодруулахад, бид замын трассыг эцэслэн батлахыг хүлээж байна. Учир нь энэ төслийг хэрэгжүүлэхэд засгаас нэг ч төгрөг авахгүй, мөн нэг ч төгрөгийн баталгаа гаргуулахгүйгээр, төсөвт хүндрэлгүйгээр барьж байгуулахаар концессийн гэрээ байгуулсан. Манай Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд нэг мөр биш, хоёрдмол утгатай байхаар хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлж, хүлээлт үүсгээд байгаа юм гэсэн хариуг өглөө.

Шийдлийн Засгийн газар байгуулагдмагцаа эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн гол арга замаа мега төслүүдэд түлхэц өгч хөдөлгөх гэж тодорхойлсон. Энэ утгаараа ч өнөөдрийн байдлаар хамгийн их хөрөнгө оруулалттай, хамгийн том бүтээн байгуулалт болох Алтанбулаг –Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг гацаанаас гаргахаар шийдвэр гаргаж, удаад байсан замын трассыг баталсан баярт мэдээ гарсан байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж