Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаад байна. Сар шинийн баярын өдрүүдэд цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга тавих төлөв гарчээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 7-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7,8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.