Харьд хөнөөгдсөн монгол эмэгтэйн хэрэг 13 жил сунжрав

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Харьд хөнөөгдсөн монгол эмэгтэйн хэрэг 13 жил сунжрав

Харьд хөнөөгдсөн монгол эмэгтэйн хэрэг 13 жил сунжрав

Одоогоос 13 жилийн тэртээ Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдэлгүй сунжирсаар байна. Түүнийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүд одоог хүртэл ялаа эдлээгүй, захиалагч гэгдэх хүмүүс ч бас юу ч болоогүй мэт амьдарсаар байгаа.

Англи, Орос, Хятад зэрэг олон орны хэлээр чөлөөтэй ярьдаг орчуулагч, загвар өмсөгч тэрээр 2004 онд Хонгконгт явж байгаад Малайз улсын иргэн Абдул Разак Багинда гэгчтэй танилцсанаас бүх зүйл эхэлжээ. Багинда нь тухайн үед Малайзын ерөнхий сайдын орлогч асан Разак Нажибын холбоотон, Малайзын дээдсийн хүрээнийхний нэг байж. Багинда түүнд орчуулагчийн ажил санал болгож, талийгаач ч түүний саналыг хүлээн авсан байдаг аж.

Абдул Разак Багинда

Багинда 2005 онд түүнийг газар үзүүлэх нэрийдлээр Европын орноор дагуулан явж байсан ба тэр нь угтаа Францаас Оросын гурван шумбагч хөлөг худалдан авах нэг тэрбум еврогийн нууц хэлэлцээ Францад болсон учир талийгаачаар орчуулагч хийлгэхээр дагуулан явсан байв. Малайз улс бол усан хилтэй улс. Тиймээс хилээ хамгаалах зорилгоор шинээр шумбагч хөлөг авах шаардлага гарч, Абдул Разак Багинда болон түүний холбоотон Нажиб Разак нар Оросоос хөлөг онгоц худалдан авахдаа улсаас мөнгө шамшигдуулах санаа агуулж байжээ. Шумбагч хөлөг худалдан авах гэрээ Францад нууцаар болж,  удалгүй хэргийн гол гэрч болох гэрээний орчуулагчаар ажилласан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн цогцос аймшигтай зэрэмдэглүүлсэн байдалтай Малайзын Селенгор мужийн нэгэн ойгоос олдсон юм. Тодруулбал, талийгаач бүсгүйн толгойд нь буудан, цэрэг армийн зориулалтаар ашигладаг С4 хэмээх тэсрэх бөмбөг биед нь бэхэлж дэлбэлсэн байсан бөгөөд биеэс нэг ч бүтэн хэсэг үлдээгүй байжээ.

Эл хэрэг явдал гарахын өмнө Ш.Алтантуяа орчуулгын хөлс болох 500 мянган ам.доллараа авахыг хүсэж Багиндад хандахад үл зөвшөөрчээ. Хамгийн сүүлд Багиндатай уулзаж, ажлын хөлсөө авахаар түүний гэр рүү таксигаар хүргүүлэн очиход нь Багиндагийн хүмүүс түүнийг хүчээр машиндаа суулган авч явсан байна. Энэ бүхнийг харсан таксины жолооч машины марк, дугаарыг цагдаад мэдэгдсэнээр бүсгүйг эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Хэд хоногийн дараа Селенгорын нэгэн ойгоос хүний цогцосны үлдэгдэл олдсон нь талийгаачийнх гэдэг нь нотлогдсон байна.

Ерөнхий сайд асан Нажиб Разак

 

Ингээд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлж Малайз улсын нөлөө бүхий улстөрчийн захиалгаар тус улсын хоёр цагдаагийн гарт Монгол бүсгүй зэрлэгээр хөнөөгдсөн болохыг тогтоож, уг хэрэгт Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэж үзсэн байна. Үүний дагуу шүүх хурал 2 жил гаруй үргэлжилсэний эцэст 2008 оны аравдугаар сарын 26 нд Абдул Разак Багиндад холбогдох хэргийн шүүх хурал Куала Лампур хотод болж түүнийг энэ хэрэгт  буруугүй гээд сулласан байна.

 

Ализах Хадри, Сирул Азхар Умар

Харин аллагыг үйлдсэн этгээдүүд болох цагдаагийн офицер Ализах Хадри, Сирул Азхар Умар нарт бүр 2015 онд цаазын ял оноосон ч өнөөг хүртэл тэдний ялыг гүйцэтгээгүй байна. Сируп нь тухайн үед Австрали руу оргон зугтаж, одоог хүртэл тэндээ хоригдож байгаа. Мөн тухайн үед ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разакыг гэрчүүд уг хэрэгт холбоотой гэж мэдэгдэж байсан ч тэрбээр талийгаачийг танихгүй, огт уулзаж байгаагүй гэж мэдүүлсээр иржээ. Хожим нь Нажиб Малайз улсын ерөнхий сайдаар томилогдсон юм.

С.Шаарийбуу

Талийгаач бүсгүйн гэр бүлийнхэн ч мөн энэ хэргийг зүгээр хараад суусангүй хэрэг болсон өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 13 жилийн турш Малайзын шүүх, цагдаа, засгийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлж, хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хүссээр байгаа. Тэдэнд хандаагүй олон улсын байгууллага гэж байхгүй. Ялангуяа талийгаачийн аав С.Шаарийбуу охиноо харь улсад хэрцгийгээр хөнөөгдсөн хэргийн үнэн мөнийг олохоор цуцалгүй тэмцэж яваа нэгэн.

 

Талийгаач эх орондоо аав, ээж, хоёр хүүгийн хамт амьдардаг байсан ба бага хүү нь бие муутай тул асаргаанд байдаг байв. Талийгаач хүүгээ гадаадад эмчлүүлж байсан ч тус болоогүй бөгөөд байнгын эм тариа хэрэглэж байжээ.

2017 онд Малайз улсад парламентын сонгууль болж, одоогийн ерөнхий сайд Махатир тэргүүтэй сөрөг хүчин сонгуульд ялахад Ш.Алтантуяагийн хэрэг ихэд нөлөөлсөн гэж үздэг.  Ингээд талийгаачийн аавын хүсэлтээр өнгөрсөн оноос эхлэн талийгаачийн хэргийг дахин шалгах ажиллагаа эхэлж, талийгаачийн гэр бүл Малайзын засгийн газраас 100 сая ринггит буюу 24 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж, шүүх хурал хэрэг болсон газар буюу Селенгор мужийн нийслэл Ша Алам хотод нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн. Нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн шүүх хурал тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл түр завсарлав.

Орчуулагч Б.Энхжин

Шүүх хуралд нэхэмжлэгчээр талийгаач бүсгүйн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хүү Б.Мөнгөншагай, Монгол Улсын Хүний эрхийн комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож байгаа бол Монголын талын гэрчээр талийгаачийн үеэлүүд болох О.Бурмаа, Г.Намираа болон Малайзын талаас хэд хэдэн гэрчүүд оролцов.

Нэхэмжлэгчээр оролцож байсан талийгаачийн бага хүү М.Алтаншагай 2017 онд биеийн байдал нь улам дордсоор нас барсан учир албан ёсоор нэхэмжлэгчдийн жагсаалтаас хасагдсан байна. Эхний өдрийн шүүх хурлаар нэхэмжлэгч талын орчуулагчийг томилсон байна. Нэхэмжлэгч тал орчуулагчаар Малайз улсад амьдардаг, 31 настай Б.Энхжин гэх бүсгүйг сонгожээ. Гэвч Абдул Разак Багиндагийн өмгөөлөгч түүнийг орчуулагчийн албан ёсны үнэмлэхгүй, мөн талийгаачийн гэрийнхэнтэй ойр дотно харилцаатай учир орчуулагчаар ажиллахад тохиромжгүй хэмээн шүүмжилж байсан ч Ша Алам хотын дээд шүүх түүнийг хүлээн зөвшөөрснөөр шүүх хуралд албан ёсны орчуулагчаар ажиллах эрхтэй болов.

Гэрч О.Бурмаа

Дараагийн өдрийн шүүх хурлаар 2006 онд Хонгконгт амьдарч байсан, талийгаачийн үеэл О.Бурмаа гэрчийн мэдүүлэг өгөв. Тэрбээр талийгаачийн ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний түнш Багинда нартай 2005 онд Парист авхуулсан зургийг харж байсан, талийгаачаас зураг дээр эрчүүд хэн болохыг асуухад ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний түнш Багинда гэж танилцуулсан.  Мөн талийгаач Багиндатай хамт амралтаараа гэрт нь зочилж байсан, үүнээс гадна хоёр ч удаа талийгаачийг Багиндатай хамт байхад нь уулзаж байсан талаар мэдүүлсэн байна. Талийгаачийг монгол руу түр буцсан үед Багинда О.Бурмаа руу залган талийгаачтэй холбоо барьж чадахгүй байна, Монголд байгаа өвчтэй хүүд нь санхүүгийн тусламж үзүүлмээр байна гэж хэлж байжээ.

2006 онд талийгаач Ш.Алтантуяа Багинда Европт хийсэн ажлынх нь хөлсийг өгөхгүй байгаа учраас өөрөө араас нь очиж мөнгөө авна хэмээн хэлээд Малайз руу явсныг О.Бурмаа гэрчлэв. Мөн шүүх хурлын үеэр О.Бурмаагийн 2005 онд харж байсан зураг болон энэ удаагийн шүүх хурал дээр авчирсан зураг нэг зураг биш, эвлүүлсэн зураг байна гэдгийг хэлэв. Харин эсрэг талын өмгөөлөгч үүнийг няцаагаад 2005 онд зургийг харахаас өмнө Багиндатай хэд хэдэн удаа уулзаж, хэн болохыг нь мэддэг байсан хэрнээ яагаад талийгаачаас зураг дээрх эрийг танихгүй мэт асуусан нь зөрчилтэй мэдүүлэг хэмээн О.Бурмааг худал мэдүүлэг өгч байна гэж буруутгав.  Харин О.Бурмаа тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч Нажиб Разакийг хэн болохыг асуусан гэж хэлэх гэж байгаад зураг дээрх хоёр эр гэж андуурч хэлснээ тайлбарлан, түүний бүх мэдүүлэг үнэн болохыг тангарагласан байна.

Гэрч Г.Намираа

Түүний дараа Монголын талын хоёр дахь гэрч, талийгаачийн бас нэг үеэл, хэрэг гарах үеэр Малайзад хэлний бэлтгэлд сурахаар очоод талийгаачтай хамт амьдарч байсан Г.Намираа мэдүүлэг өгсөн юм. Мөн тухайн үед тэдний найз Г.Үүрийнтуяа гэх эмэгтэй хамт байсан байна. 2007 онд болсон шүүх хуралд Г.Үүрийнтуяа, Г.Намираа нар хоёулаа гэрчээр оролцож байжээ. Тухайн үед буюу 2007 оны шүүх хурал дээр найз Г.Үүрийнтуяа нь талийгаачийг зөвхөн Багиндатай уулзах гэж Малайзад ирсэн. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй хэмээн мэдүүлсэн байна.

Харин өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурал дээр Г.Намираагийн мэдүүлснээр талийгаач Ш.Алтантуяа, Г.Намираа, Г.Үүрийнтуяа гурав Куала Лампурын “Малай” зочид буудлын найман давхарт байрлаж байжээ. Тэднийг тэнд байрлаж байх үед Багиндагийн хүмүүс байнга мөрдөж мөшгин, айлган сүрдүүлдэг байсан. Нэг удаа бүр өрөөнд нь орж ирээд талийгаачийг шиднэ, эх орон руугаа чимээгүй буц, эсвэл булшиндаа ор гэх зэргээр сүрдүүлсэн гэв.

Мөн өмнө нь талийгаач Г.Намираад Багиндагийн хүсэлтээр Францад шумбагч хөлгийн наймаанд Англи-Орос хэлний орчуулга хийсэн, дараа нь түүнтэй амрагийн холбоотой болсон, Багинда түүнд хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа хэлсэн гэх мэт зүйлийг ярьж байсныг гэрчлэв.

Талийгаач алга болохынхоо өмнөх өдөр Багиндагийн далайн эрэг дээрх гэрт нь өөрийн биеэр очиж мөнгөө авна хэмээн хэлээд хэрэв ирэхгүй удвал цагдаад мэдэгдээд О.Бурмаа зэрэг хүмүүс рүү залгаж мэдэгдээрэй гээд Г.Намираад утасны жагсаалт үлдээсэн гэдгийг ч мөн хэлсэн байна.

Талийгаач Ш.Алтантуяа Багиндагийн гэр рүү ганцаараа явахаасаа өмнө орон нутгийн цагдаагийн байгууллагад хэрэв өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол Багинда гэдэг хүнийг шалгахыг хүссэн захидал үлдээсэн байсан ч захидлыг Малайзын талаас нуун дарагдуулсан нь хожим илчлэгдсэн байдаг.

Хүү Б.Мөнгөншагай

Шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож буй талийгаач бүсгүйн аав С.Шаарийбуу болон хүү Б.Мөнгөншагай нар талийгаачийг амиа алдсанаас хойш хэрхэн хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн, амьдрал нь эрс доройтож, хүн бүр тэднийг гадуурхан, элдэв бусаар хэлж, энэ бүх хүмүүсийн хэл амны улмаас том хүү нь нэрээ хүртэл солиулсан талаараа ярьсан байна. Мөн М.Мөнгөншагайгийн эцэг нь хүүгээ өөр дээрээ авахаас татгалзаж, ээжийгээ үгүйлсэн өвчтэй дүү нь өдөр өдрөөр бие нь муудсаар 2017 онд өөд болсон гэдгийг ч дурджээ.

Хоёр талаас 20 гаруй өмгөөлөгч оролцож, 10 гаруй жил дуншсан энэ хэргийг үнэн зөвөөр  шийдвэрлэж, хохирогч талын нэхэмжлэлийг гаргаж өгөөсэй гэсэн хүлээлт монголчуудад төдийгүй дэлхий нийтэд байгаа байх гэдгийг шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож буй Монгол Улсын Хүний эрхийн комиссын гишүүн П.Оюунчимэг ярилцлагадаа дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж