Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана

Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын битүүний өдөр өнөөдөр (2019.02.04) тохиож байна. Харин маргааш шинийн нэгэн. Битүүний өдөр хийгээд шинийн нэгэнд баримталдаг дэг жаяг нь ямар билэгдэл утга агуулж байдаг талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.


-Монголчууд сарны хөдөлгөөнөөр тухайн сар, жилийн сайн өдөр болон байгаль цаг уурын төлөв байдлыг урьдчилан шинждэг эртний сайхан уламжлалтай. Сар битүүрч, өдөр харагдахгүй болохыг битүүн гэдэг байх?

-Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15-н (сар тэргэл байх) болно.

-Азийн орнуудын цагаан сар давхцах тохиолдол байдаг. Заримдаа өдөр, цагаар зөрдөг. Энэ нь сарны байрлалаас шалтгаалдаг уу. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг. Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29.53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтойгоор авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалзсан байдаг. Тодруулбал, сарны сар бүхэл бус 29.53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог.  Зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг юм. Энэ арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд болно. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаагаар гарсан. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдийд гаргах тухайд, нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно. Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм.

Зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.

-Зүг мөрөө гаргах нь шашны зан үйлтэй холбоотой юу. Үндэстэн, ястан бүрт энэ зан үйл нь адилгүй байх?

-Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг. Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

-Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн нь зүг мөрөө гаргахад л хангалттай гэж үзэх нь бий. Энэ тухайд тодруулж ярьж өгөөч?

-Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг. Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг. Тухайлбал,

  • Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
  • Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.
  • Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
  • Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.
  • Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
  • Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
  • Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан түүхтэй.

-Шиний нэгний өглөө мөрөө гаргахад  зүг чигээ гэрээр баримжаалдаг байж. Эдүгээ нийслэлийнхний хувьд суурин амьдралд шилжсэн болохоор дээрх зан үйл, домыг хийх нь бараг боломжгүй шүү дээ?

-Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг. Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байрлуулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ. Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ. Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм.

-Таны хувьд Төгс Буянт шинэ зурхайг гаргаад 20 гаруй жил өнгөрч байгаа гэл үү?

-Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд байсан юм. Энэ үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдийнэ үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт шинэ зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулсан. Зарим хийд орон цагалабар гаргаж эхэллээ. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж