Монголчууд Суданд цэргийн хээрийн эмнэлэг ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Монголчууд Суданд цэргийн хээрийн эмнэлэг ажиллуулна

Засгийн газрын өчигдөр болсон хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Л.Болдын танилцуулсан Төв африкийн Судан улсад явуулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний хоёрдугаар шатны цэргийн хээрийн эмнэлэг оруулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр гарахын өмнө уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар мөн хэлэлцэж зөвлөмж гаргаад байсан юм.
Ингэснээр манай зэвсэгт хүчин НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо шинэ хэлбэрээр баяжиж зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэл сайжирч байна. Хоёрдугаар шатны цэргийн хээрийн эмнэлэг гэдэг нь эмнэлгийн анхан шатны тусламжаас эхлээд дунд төвшний мэс засал гүйцэтгэх чадвартай, аймгуудын эмнэлгээс дээш шатны эмнэлэг байдаг бөгөөд манай улсаас Суданд илгээх цэргийн эмнэлэгийг 80 орчим эмч, эмнэлгийн ажилтантай байхаар төлөвлөж байна.  
Ийнхүү манай цэргийн эмнэлгийнхний зорихоор болж байгаа Судан дахь НҮБ-ын ажиллагаа нь энхийг сахиулах чиглэлээр дэлхий дахинд хэрэгжиж байгаа хамгийн том ажиллагаанд тооцогдоно. 2007 оноос эхэлсэн уг ажиллагаанд 57 орны 16000 орчим цэргийн албан хаагч болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд олноор үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цэргийн албан хаагчдын тоог цаашид 20000-д хүргэх талаар яригдаж байгаа юм.
Жилийн 1.7 тэрбум ам.долларын төсөвтэй уг ажиллагаанд хоёрдугаар шатны цэргийн  хээрийн эмнэлэг оролцуулснаар манай зэвсэгт хүчний эмнэлгийн үйл ажиллагаа өндөр төвшинд хүрэхийн зэрэгцээ цэргийн эмч нарын мэдлэг, туршлага, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой байх болно.
Мөн энхийг сахиулах ажиллагаанаас нөхөн төлбөрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн санд оруулах орлого хоёр дахин нэмэгдэх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж