Нийслэлийн удирдлагууд жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал, ёсын дагуу өнөөдөр /2019.02.03/ НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсүнтүгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй урвуулагч хэмээх шороон гахай жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Сар шинийн баяр бүрээр нийслэлийн иргэдээ даатган мандал өргүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд өнөөдөр нийт нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө мандалаа өргүүлж ном хурууллаа. Ирж буй шороон гахай жилд нийслэлчүүдийн маань ажил төрөл нь бүтэмжтэй, амжилт, бүтээлээр дүүрэн, хөдөлмөр бүтээл ундарсан жил байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ жил мөн нийслэлийн 380 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн жилийг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарлаж, ажлаа эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд соёлын өвийг хамгаалах, түүхийн дурсгалт газруудыг сэргээх гэх мэтээр олон сайхан бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн нийслэлийн хөгжилд дэвшилд үр өгөөжтэй, хүний нүдэнд үззэгдэж, гарт баригдахуйц ажлуудыг хийх болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээв.
Гүсүнтүгийн мандал гэдэг нь бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийнхээ иргэдийн ирэх жилийн буян заяа, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлж байна. Монгол түмэн гахай жилийг элбэг, хангалуун сайн сайхан жил болдог хэмээн ярьдаг. НИТХ болон НЗДТГ-ын зүгээс нийт нийслэлчүүддээ ирж буй шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, элэг бүтэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.
Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг.
Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ