Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан томоохон жагсаал хоёр долоо хоногийн өмнө эхэлж, сөргөлдөгч улс төрийн хүчнүүдийн дунд томоохон тэмцэл өрнөж байгаа билээ. Харин өчигдөр /2019.02.02/ буюу Бямба гаригт болсон жагсаал тэмцэл нь маш олон хүнийг хамарч, ард түмний уур хилэн бадарч байгааг харуулсан хэрэг боллоо.
Венесуэлийн нийслэл Каракас болон бусад 100 гаруй газарт 100 мянга гаруй хүн өчигдөр Ерөнхийлөгч, Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаалд нэгдсэн байна.
АНУ тэргүүтэй барууны орнууд болон Латин Америкийн олон улс орнуудын дэмжиж байгаа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хоёр долоо хоногийн өмнө өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан билээ. Нийслэл Каракас хотод өрнөсөн жагсаалын үеэр Х.Гуайдо өчигдөр улс оронд нь нүүрлэсэн хүнсний хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд Бразил болон Колумб улсаас хүнсний бүтээгдэхүүн, эм тариа тээвэрлэж авчрах тухай төлөвлөгөөгөө танилцуулжээ. Мөн тэрбээр одоогоор Н.Мадурогийн талд зогсож буй зэвсэгт хүчнийхнийг ард иргэдийнхээ талд орж, улс орноо сэргээн босгоход хүчин зүтгэхийг уриалсан юм.
Харин Н.Мадуро хариуд нь Х.Гуайдог АНУ-аас дэмжлэг авч, улс орондоо эмх замбараагүй байдал бий болгож байгаад буруутгаад, бүрэн эрхт, тусгаар тогтносон Венесуэл улс АНУ-ын гар хөл болохгүй гэдгийг дахин сануулав. Н.Мадурог ОХУ, БНХАУ Турк тэргүүтэй улс дэмжиж байгаа билээ.
Уго Чаюосын залгамжлагч, Ерөнхийлөгч Н.Мадуро сонгуульд шударга бусаар ялж, тангаргаа өргөн, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа олон улсын эсэргүүцлээс үл шалтгаалан эхлүүлсэн, мөн сөрөг хүчний олон удирдагч баривчлагдан, хоригдсон зэргээс үүдэн Венесуэлд жагсаал тэмцэл газар авах болсон билээ. Түүнчлэн газрын тосны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог тус улсын эдийн засаг нь гипер инфляцид өртөж, хоол хүнс, эм тарианы хомсдолд орсон нь ард иргэдийнх нь уур хилэнг өдөөсөн юм. Венесуэлийн ард иргэд улс орондоо ерөнхийлөгчийн дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ