Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

NEWS агентлаг улс эх оронд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн голлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

Сар гаруй хугацаанд завсарлаад байсан УИХ өнгөрч буй долоо хоногт хуралдан УИХ-ын шинэ дарга, ЗГХЭГ-ын шинэ дарга, Зам тээврийн хөгжлийн яам, болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарыг томилов.

Үйл явдлыг тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, улмаар МАНАН бүлэглэлийн эсрэг монгол ард түмний нэгдэл жагсаалыг Сүхбаатарын талбай дээр удаа дараа зохион байгуулж, гэр барин суулт хийсэн. Гэсэн хэдий ч УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх болно гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжвэл УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, үүнийг нь УИХ баталсан байдаг.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нэгдүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, УИХ нэгдүгээр сарын 29-ны өдөр ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 66.2 хувийн саналаар чөлөөлсөн юм.

УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний оронд хэн очих вэ гэсэн асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байсан. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэ үеэр Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийнхөө нэрийг дэвшүүлсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг УИХ-ын даргын албан тушаалд дэвшүүлсэн юм. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн дэмжсэн билээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ч 100 хувь Г.Занданшатарыг УИХ-ын дарга болох нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргын албан тушаалд томилсон билээ. 

Холбоотой мэдээ

Чуулган: УИХ-ын даргаа томилж, хоёр сайдаа чөлөөлөв

Чуулган: УИХ-ын даргаа томилж, хоёр сайдаа чөлөөлөв

Харин ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ дэмжин, томилов.

Үүний дараагаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, түүний оронд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилов.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа нь өөрийн ажиллаж буй Засгийн газрынхаа эсрэг гарын үсэг зурсан гэх үндэслэлээр огцруулсан билээ.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Тэрбээр ЖДҮХС-тай нэр холбогдсон гэх үндэслэлээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн бариад байсан юм. Ийнхүү УИХ-ын гишүүд түүнийг чөлөөлж оронд нь Б.Энх-Амгалан гишүүнийг томилсон юм.


МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДЖЭЭ

Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал өнгөрч буй долоо хоногийн халуун сэдэв байлаа. Харамсалтай нь, есөн өдөр үргэлжилсэн шүүх хурал тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилжээ.

Шүүх хуралд талийгаачийн үеэл О.Бурмаа, Г.Намираа, эцэг С. Шаарийбуу, хүү Б. Мөнгөншагай нар оролцож, гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Энэхүү шүүх хуралд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн П.Оюунчимэг оролцож байгаа билээ.

Одоогоос 13 жилийн Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг 2018 оноос эхлэн дахин шалгаж эхэлсэн билээ.

Холбоотой мэдээ

"Аавтайгаа 14 настайдаа анх уулзаж байсан"

Хэргийг эргэн сануулбал, Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Монгол бүсгүй Ш.Алтантуяа 2006 онд амиа алдсан юм. Энэ аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд захиалсан гэж үздэг. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Р.Багинда нь мафийн бүлгийн эгнээнд багтдаг, улс дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулга хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг юм.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Гэхдээ жинхэнэ захиалагчид ял шийтгэлээ хүлээх ёстой гэж үзсэнээр хэргийг дахин сэргээн шалгах болсон билээ.


БАРИВЧИЛГАА: 300 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХАР ТАМХИ ИЛГЭЭМЖЭЭР АВЧЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид даваа гаригт /2019.01.28/ 13.45 цагийн орчимд гадаад улсын иргэн олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирснийг шуурхай илрүүллээ. Тодруулбал, Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж иржээ.

Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналт дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчиллаа. Шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан байна.

 


Д.ЧОЙЖАМЦ: ЗАСАГ ТӨРИЙН ХУВЬД ХЯМРАЛТАЙ ЖИЛ БОЛНО

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өнгөрч буй долоо хоногт XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн өнгө ямар байх талаар айлдлаа.


Их хамба лам Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн ёгт нэрийг тайлж хэлэхдээ “Урвуулагч шороон гахай жилийн ёгт нэрийг урвах гэдэг утгаараа ойлгож болохгүй. Бид муу зүйлийг сайнд урвуулж болох талтай. Тийм учраас бид амьдралаа сайн сайхнаар авч явж болно л гэсэн утгыг илтгэж буй юм. Монгол түмэн муу бүхнээ сайн сайханд урвуулж, муу зүйлээ хаяж, гээвэл амьдрал маань цэгцтэй сайхан болно” гэв.

Тэрбээр “Монгол түмний хамгийн хүндэтгэлтэй баярын нэг болох уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Монголчууддаа XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Уламжлалт зан заншилтай, өв соёлтой, тусгаар тогтносон Азийн цээжинд ийм сайхан улс байдгийг илтгэдэг баяр юм” хэмээн шороон гахай жилийн өнгийг танилцууллаа.

АХМАДУУДАД ЭЭЛТЭЙ Ч НЯЛХАСТ ТААРУУ ЖИЛ БОЛНО

“Энэ жилийн зурхайн зурлагад шинэ жилдээ хэд хэдэн зүйлийг анхаарахаар байна. Шим ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл, ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь ээ. Харин залууст дунд буюу сайн тал руугаа, нялхаст тааруухан гэж гарч байгаа. Нялхас гэдгийг хоёр янзаар ойлгож байна. Хуучин монгол хэлэнд нялхас гэдгийг нялх нярай хүүхдийг хэлдэг бол нөгөө талаар бодлогогүй, өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайж юу руу ч хамаагүй орчих гээд байдаг хүнийг нялхас гэдэг. Тиймээс XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилд аливаад өөрийн бодолтой хандаж, зөв бурууг ялгаж салган шинжилж амьдрах нь зүйтэй гэж бодогдсон” хэмээв.

УС, ХУР ЭЛБЭГТЭЙ ГЭХ БОЛОВЧ МӨНДӨРӨӨС БОЛГООМЖИЛ

“Энэ нийгэм ахиж дэвшиж, бидний амьдрал сайхан болох учиртай. Тийм учраас үнэн зөвийг ултай суурьтай, мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, үнэн бодит чиглэлийг эрдэмтэн мэргэдээс авбал цаашаа хөгжих учиртай байна. Мөн цаг агаарын хувьд ус, хур элбэгтэй гэх боловч мөндөрөөс болгоомжил гэсэн байгаа. Тиймээс малчин, тариаланч ард иргэд анхаарч байх нь зүйтэй. Харин Засаг төрийн хувьд хямралтай гэсэн байна. Тэгэхээр хямрал гэдэг нь эв зохицол алдах тэр л тал руугаа юм. Ер нь зурхайн ухаан орчлон ертөнц, хүмүүний хоорондын харилцаа, нийгмийн байдлыг тодорхойлсон бодит зүйл учраас хувьсан өөрчлөгддөг шинж чанартай. Улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхэндээ бодоод болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь эвлэрч зохицож, найрсаж үнэн зөвөө олж байх хэрэгтэй. Манай нийгэмд ёсзүй гэгч гарцаагүй хэрэгтэй байна. Ёсзүйг баримтлахгүйгээр энэ нийгэм урагшлахгүй гэдэг нь ил болжээ. Монгол түмэн хууль дүрмээ сайн баримталж, хов ярианд итгэхээс илүү хууль төрдөө итгэж, ёсзүй болон хуулиар ярилцвал нийгэмд бужигнаан үүсэхгүй байх шинжтэй” тухай айлдлаа.

ШИНЭ ЖИЛ ДӨНГӨЖ ГАРГААД 15 ХОНОГИЙН ДОТОР ХИЙЛГЭДЭГ

Монгол хүн билгээрээ гэж ярьдаг даа. Ер нь аливаа нэгэн жилийг бид сайхнаар авч явж чадвал сайхан жил л гарна. Зурхайн ухааныг яг судлаад, шүүмжлэхгүйгээр мухар сүсэг гэж тайлбарлаад байдаг. Гэтэл зурхайн ухаан магадлал дээр үндэслэн ийм махбодьтой, ийм жилтэй, суудалтай хүнд иймэрхүү зүйлс тохиолдож болох юм гэж үздэг. Тэр магадлал яг тэр чигээрээ биелнэ гэж үзэж болохгүй. Учир нь бие сайтай, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл саруул байгаа хүнд нөлөөлөл нь маш бага байдаг тухай өвгөд ярьдаг байсан. Харин жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн жилийн заслын монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэдэг. Уг нь жилийн аль ч цаг хугацаанд хийлгэж болох юм. Заавал шинийн 15-ны өдрийн дотор хийлгэж байгаа нь сэтгэлдээ дархлаа суулгаж байгаа нь буруу биш.

БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРСНАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭДЭГ

Сар харагдахаа больж, тухайн сар, жилийн хамгийн сүүлчийн өдрийг битүүн гэж тооцдог. Энэ жилд амар мэнд орсон, эрүүл энх сайхан байсан, амьдрал дэвшсэн сайхан жил болсноо сар шинийн баяраар халуун бүлээрээ тэмдэглэдэг. Хүмүүний бие яг л усны хөөс шиг. Маргааш өдрийн нар ургах миний үхэл хоёрын аль нь түрүүлж ирэхийг бид мэдэхгүй. Тиймээс бүтэн нэг жилийн турш эрүүл энх, жаргалтай сайхан амьдарснаа уламжлалт баяраараа тэмдэглэдэг. Нар жаргаснаас хойш идээ битүүлгээ засаж, хуваалцаад, хэрүүл тэмцэл, муу бүхнийг тэвчиж, үйл явдлаа цайруулдаг уламжлалтай. Шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө босож, эхний өдрийг угтан авч ахмадуудаа хүндэтгэн золгон мэндчилдэг. Нэг л их соёлжсон хүн болох гэснээс Монгол уламжлалаа үгүйсгэх тохиолдол гарч байна. Монголчууд гуравхан саяулаа мөртлөө тэгж сүржигнэж хувьсгалжих хэрэггүй болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж