Л.Тэрбиш: Ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Л.Тэрбиш: Ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.

 -Ирж буй “Урвуулагч” хэмээх гахай жилийн өнгө ямар байх вэ?

-Зурхайн гол шинжүүдэд “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд дайсны хямрал болж, хүмүүс айж хөнөөгдөх больюу хэмээн тэмдэглэсэн буй. Жилийн эзэн Гариг одны үр нь: Дээд буяны багш саднууд ба угсаа сайт төрөлхтөний эд эдэлбэр арвижин, амьтан бүхнээ сайн амгалан болох ба номоор явагч зарим нэгнээ аюул болмуй.

Жилийн хаан гараг Бархасвадийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижьюу. Ном төгөлдөртнүүд алдрыг ольюу. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижъюу. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.

Жилийн түшмэл гараг Адъяагийн үр нь: үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орны дотор цэрэг хямарч болзошгүй. Энэ жилийн хувьд наран Хумх, Загас, Хонь, Хилэнцийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Нумны ордонд байрлах үед сайн, ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Үхэр, Хамтатгах, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.

-Үхрийн шинжийг тайлбал энэ жил ер нь хэр ерөөлтэй жил байх бол. Олон нийтийн дунд хөгшдөд ээлтэй, нялхас, залууст ширүүн жил байна, аль эсхүл нялхас, залууст ээлтэй жил байна гэх хоёр талтай яриа гараад байна?

Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно. Шороон үхэр”-ийн шинжээр зуны сард хур бороо сайтай, жилийн турш өвс ногоо, тариа төмс сайтай. Хавар цас элбэгтэй, зун намар, өвлийн адаг сард мөндөр цас арвин орох жил болно. Настанд ээлтэй, залууст ширүүвтэр, хүүхдүүдэд ширүүн байхын нигууртай болой. Малд амгалан, ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй.

-Өвгөн хүмүүний “Шороон үхэр шинжийн тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг нь учиртай.

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг. Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх Монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, Монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། )”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг бий болгосон. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэг юм.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчид эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна.

“Цасан чихрийн амт” мэт жилийн үр ба боовны үр буюу шинэ жилийн хошигнолын тухай учрыг тайлбарлахгүй юу. Эдгээр нь зурхайн ухаанд ямар утгыг илэрхийлдэг юм бэ?

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь тав, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 17, Үр долоо, өвс 13, сэрүүн долоо, чийг 17, салхи 13, арвидал 15, хямрал 11 болно. “Гишүүнд орох” хэмээх хур устай жилийн нуруу сайн байна гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн боовны үр буюу шинэ жилийн хошигнол хэмээх нь энэ жил 11 хүмүүн, 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 3 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж юм.

-Таны гаргадаг зурхайн зэрэгцээ “Чингисийн зурхай”, “Шар зурхай” гэх мэт олон зурхай иргэдийг төөрөгдөлд ороход хүргэж байна л даа. Тэгэхээр аль зурхай нь монголчуудад илүү тохирох вэ?

-Монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр ирсэн. Эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо /1747 онд зохиосон / төгс буятны шажин нийтэд их дэлгэрсэн цаг үед тохируулж, Төвдийн пүг, цүр хэмээх хоёр ёсыг үндэслэн, хойш Байгаль далай, урагш Цагаан хэрэм, зүүн тийш Номхон далай,  баруун тийш Киргис, Түрэг, баруун урагш Төвдийн өндөрлөг хүрэх газар нутгийг багтаасан Их Монгол орны уудам дэлгэр газар нутгийн хуваарьт тохирсон төгс буянт шинэ зурхайн ёсыг боловсруулсан юм. Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон. Шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөн, секундийг 149.209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг. Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

-Дацан, хийдээс  ард олонд зурхайн талаарх ойлголтыг хэзээнээс өгч эхэлсэн тухай дэлгэрэнгүй хүүрнэвэл?

-Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарсан юм. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд бий болсон. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།, ལི་ཐོ། лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтсон түүхтэй. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв. Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч бий болсон.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж