Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар “Тавантолгой түлш” ХХК-ий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц байдалтай танилцлаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр нээлтээ хийсэн тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 20.000 орчим тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөхөөс гадна өдрийн 24 цагт дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Жилд 200.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан гурван яамны хамтарсан хэсэг ажиллалаа.
Ойрын хугацаанд үйлдвэрийг жилдээ 600.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр болгон өргөтгөснөөр нийслэлийн ахуйн түлшний хэрэгцээг бүрэн хангана. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой болох юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нийслэл хотын ахуйн түлшний хэрэгцээ жилдээ 600.000 тн байдаг. Өнөөдрийн гол шийдэх асуудал бол өргөтгөлийн шугамуудаа ямар хэлбэрээр байгуулах вэ гэдгийг судалж байна. Ойрын гурван сарын дотор жилдээ 600.000 тн-ыг үйлдвэрлэдэг болгон хүчин чадлыг нь өргөтгөнө.
Ирэх зунаас түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байхтай зэрэгцээд ахуйн хэрэглээнд нийлүүлж эхэлнэ. Одоогоор эрэлт их, хэрэглэгчдийн үнэлэмж өндөр байгаа. Ирэх жилээс нийслэл хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах учраас нөөцлөх асуудал ч мөн яригдаж байна. Иймд бид өнөөдөр Батлан хамгаалахын яамтай хамтарч шийдэх чухал асуудал нь агуулах барих газрыг товлох юм” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Утаа бол манай нийгмийн тулгамдсан асуудал. Тавантолгойн сайн чанарын нүүрсийг түшиглээд тодорхой технологи, горимд оруулаад үйлдвэрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байна. 600.000 тн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг болсон тохиолдолд Улаанбаатар хотын түлшний хэрэглээг хангана. Иймд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхээр ажиллаж байгаагаас гадна агуулах барих зайлшгүй шаардлагатай байгаа. Сайн чанарын бүтээгдэхүүнийг стандарт горимын дагуу хадгалж байж хэрэглэгчдэд чанартай сайжруулсан түлш түгээх ёстой. Ингэснээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарах юм” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ.
Б.ЖАРГАЛ