Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан уламжлалт цуврал барилдаан Бөхийн өргөөнд болж байна. Өчигдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хавдарын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ.
Барилдаанд 320 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Ц.Бямба-Отгон ес даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай найм даван үзүүрлэлээ. Их шөвөгт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын баяр наадамд таван удаа түрүүлсэн манлай заануудын нэг Э.Совджамц шалгарлаа.
Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Түмэндэмбэрэлд гардуулсан байна.
Сар шинийн уламжлалт цуврал барилдаан өнөөдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.