БНХАУ-ын төрийн мэдлийн "Синьхуа" агентлагийн мэдээлснээр АНУ болон Хятад улсын хооронд болох худалдаа эдийн засгийн хэлэлцээ энэ сарын дундуур Хятадын нийслэл Бээжин хотноо болох юм байна. Энэ удаагийн худалдааны хэлэлцээнд АНУ-ын талаас төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар оролцох ажээ.
“Америкийн төлөөлөгчид Хятадын талтай зөвлөгөөнөө үргэлжлүүлэхээр хоёрдугаар сарын дундуур Бээжин хотыг зорино. Түүхэн чухал ач холбогдол бүхий хоёр талын хэлэлцээ амжилттай болж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын шадар сайд Лю Хэтэй Вашингтон хотод уулзахдаа хэлсэн байна.
Хоёр улсын хооронд удаан хугацааны турш өрнөөд буй худалдааны дайныг эцэслэхийн тулд асуудлыг шийдвэрлэж тохиролцоонд хүрэх 90 хоногийн хугацааг хоёр тал бие биедээ олгоод байгаа билээ. Үүний үр дүнд худалдааны хэлэлцээ нэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн билээ. Хэлэлцээний эхний шат нэгдүгээр сарын 7-9-нд Хятадад болсон бол хоёр дахь шат нэгдүгээр сарын 30-31-нд Вашингтон хотод болсон.
Хэлэлцээний гол зорилго нь Хятад-Америкийн худалдааны тэнцвэргүй байдал, оюуны өмчийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, экспортын хязгаарлалт зэрэг олон чухал асуудлууд дээр нэг шийдэлд хүрч, удаан хугацаанд сунжирсан худалдааны маргааныг дуусгах юм. Худалдааны маргаанд ялагч гэж байхгүй, зөрчил удаан үргэлжлэх тусам хоёр талд ч тэр, бусад улс орнуудад ч тэр эдийн засгийн хувьд маш их алдагдал авчирна гэдгийг Хятадын талаас удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ