ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан томилогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэх гишүүдийг болиулж шууд томилгооны ажиллагаандаа оръё гэдэг горимын саналыг гаргасныг гишүүдийн 71.2 хувь дэмжсэн юм.Ингээд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдад дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь дэмжсэнээр Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан томилогдлоо.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
1999-2003 онд “World Trans” ХХК
2003-2005 онд “Улаан бутан” ХХК
2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
2008-2016 онд “Мишээл групп” ХХК
2008-2016 онд НИТХ
2015-2016 онд “Мишээл экспо”
2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
Үүний дараа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан томилогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг хэлэлцлээ.
НББСШУ-ын байнгын хорооноос түүнийг сайдаар томилохыг дэмжсэн бөгөөд байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг, байнгын хороодоор хэлэлцсэн асуудалд заавал үг хэлж, захиас захиад байх шаардлагагүй. Маргааш уулзахгүй хүмүүс шиг л байх юм. Тиймээс үлдсэн гишүүдийн үгийг хэлүүлэлгүй санал хураах горимын санал гаргахад гишүүдийн олонх дэмжсэн тул БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 91.5 хувь нь дэмжсэнээр БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг томилогдлоо.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж дууслаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараа ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдлоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Өдөр бүхэн хариуцлагатай, туйлын хурдтай ажиллана
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
Дэмжиж байна. Монголын төрд бэлтгэгдсэн манай намын залуучуудын дуу хоолой болж байгаа залуу. ЗГХЭГ-ын албан тушаал бол том том асуудлыг хариуцаж явдаг ажил. Өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр 40 гаруй хувьтай байна. Үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллах вэ. Эдийн засгийн өсөлтийг айл өрхийн үүдээр оруулмаар байна. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд наадуулахад ямар бодлого чиглэлийг барьж ажиллах вэ. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барих тал дээр хэрхэн ажиллах уу.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Нэг жил үлдэж байгаа нь үнэн. Өдөр бүхэн хариуцлагатай туйлын хурдтай ажиллахыг шаардаж байна. Засгийн газрын одоогийн хурдыг илүү хурдан болгож уялдаа холбоог илүүтэй сайжруулна. Эдийн засгийн өсөлт иргэдэд хүрэхгүй байгаа нь үнэн. Үүнийг Монголбанктай уулзаж зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсч байна. Инфляцийг бууруулах тал дээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана. Засгийн газрын бодлогын нэг нь дундаж давхаргаа дэмжих явдал. Шаардлагатай гэвэл нэмэлт албуудыг дэргэдээ байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Та олон зүйл дээр шударга ёсыг ярьж олон нийтэд удаа дараа амлалт өгсөн. Эхний ээлжид Засгийн газар, УИХ дээр үүссэн ЖДҮ-гийн асуудлыг та юу гэж үзэж байна вэ. Мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглаж луйвар хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцох уу. Зээл авсан хүмүүс үүнийгээ байх ёстой зүйл мэтээр сүүлийн үед ярих боллоо. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Танай намын мөрийн хөтөлбөрт өр нэмэхгүй, цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн. Үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой юу. Нийгэмд үүссэн бухимдлыг яаж арилгах вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ам.долларын үнэ өдөр өдрөөр нэмэгдэж, бид энд хэрүүл хийж байхад гадна ард түмний амьдрал туйлын хэцүү байна. Залуу эрч хүчтэй хүн ЗГХЭГ-т очих гэж байна. Энэ бүх асуудлыг хэрхэн шийдэх вэ.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Эдийн засаг өсч байгаа. 2016 онд эдийн засаг маш хүнд дефольт зарлахад хүрч байсан. Эдийн засгийн хямралаас МАН-ын 65-ын бүлэг гаргаж чадсан. ДНБ 180 хувиас дээш байсан. Бид алдаагаа зөвхөн сөрөг хүчнээс хайх цаг нь биш. Хамтдаа нэгдэж ажиллах торгон цаг үе нь ирээд байна. ЖДҮ-тэй холбоотой асуудал өнгөрсөн 25 жилийн алдаа завхралын илрэл. Өмнө нь боловсролын сангийн мөнгийг дандаа дарга нарын хүүхдүүд авдаг байсан. ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг хуулийн хүрээнд нь шийдээд явах ёстой, хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Сангуудын мөнгийг очих ёстой эздэд нь хүргэхэд зохистой арга хэлбэрүүдийг гаргаж сангуудыг нээлттэй болгох чиглэлд ажиллана. Энэ талаар хаврын чуулганаар оруулна. Шударга ёсыг тогтоох байр сууриндаа би цаашид ч хэвээр байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Маш сайхан дүрдээ орж сайхан ярьдаг залуу. Ярих биш хийх нь чухал шүү. "Бэрс" гээд кино урлагийн дээд сургууль төгссөн хүн байна аа, ойлгож байна аа, дүрдээ маш сайн орж байна. Гол нь шударга ёсыг хуулиар сахиулдаг юм. Таны намтар дээр хуулийн сургуулиас номын дуу сонссон юм байна. Шалгалтад орчихсон хуулийн байгууллагад орох гээд хүлээж байгаа 77 хүн байна. Хэзээ ажилд нь оруулах юм бэ. Халсан нь зөв гээгүй, оруулах нь зөв гээгүй. Шүүхийн шийдвэр гараад үндэслэлгүй халсан гээд хүлээгдэж байгаа эдгээр хүнийг яах юм бэ, хэзээ ажилд нь оруулах юм бэ, Ерөнхий сайд аа. Салбар салбарт байгаа шударга хүмүүсийг ажилд нь оруулахгүй байна. Хэзээ тавих юм бэ. Эсвэл хандив авах гээд байгаа юм уу. Д.Амарбаясгалан дээр очих юм уу. ЖДҮ гэхээр зээл гээд байх юм. Энэ жил хулгай, авлига шүү дээ. Хэзээ хариуцлага тооцох юм бэ? Зээлчхээд буцааж өгөх асуудал биш. 27 хүн байгаа шүү дээ. Ярих яах вэ, үр жимсийг чинь харъя. Нэг жилийн дотор юу хийх вэ гэхээр дэлхийг өөрчлөх юм битгий ярь. Ядаж тэр шүүхээр үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон 77 хүнийг ядаж ажилд аваадах.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-О.Баасанхүү гишүүн удаа дараа над руу хаягласан юм ярьж байна. Шүүхийг хамгийн их шүүмжилж байсан хүн бол та. “Манай Ж.Энхбаяр даргыг шүүх барьж авах гээд байна, шударга бусын хонгилоор явуулах гээд байна” гэж байсан. Би нэг нүүрний дор хоёр санаа агуулахгүй. Миний амьдрал “Бэрх” гээд жижиг тосгоноос эхэлсэн. Бэрс гээд жижигхэн сургуульд боловсрол эзэмшиж байсан. Хэн нэгний татаасгүй явж ирсэн. Энэ ч утгаараа таны намтар, замналыг хүндэлж харьцдаг. Миний амнаас хоёр жилийн хугацаанд О.Баасанхүү гэж нэр гарч байгаагүй. Хувь хүнтэй муудалцсан асуудал байвал та Х.Нямбаатартай учраа олно биз ээ, чуулганы танхимаас гадуур.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Эрч хүчтэй залуу хүн Засгийн газрын гал тогоонд очиж байна. Ерөнхий сайдынхаа итгэлийг дааж сайн ажиллаарай. Орхигдсон томоохон асуудал байна. Доороо хий эргэж, бодлогын залгамж алдагдаад удаж байна. Тиймээс нэр бүхий гишүүд хамтран Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулсан. Төрийн хар хайрцагны бодлого гэж ойлгож болно. Үүнийг хэрэгжүүлэх тал дээр та яаж ажиллах вэ. Төрийн бүх бодлого хоорондоо уялдаж байх ёстой.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Санал нэг байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол Улсын төр дөрвөн жилээр төлөвлөдөг байсан. Үүнээс болж Засгийн газар нь тогтворгүй дундаж хугацаа нь 1.5 жилээс хэтэрдэггүй. Бид ирэх 25 жилийг намчирхалгүйгээр хамтдаа нэгдэж харах цаг нь болсон. Үүний төлөө би ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд энэ албанд ажиллаж байсан бүх хүнийг би урьж уулзана. Би анх Төрийн ордонд орж ирээд нэг зүйлийг ажигласан. Самбартай ердөө харьцдаггүй, ширээний араас асуудлыг ярьдаг. УИХ босоо цаас үйлдвэрлэдэг. Үүнийг нь Засгийн газар хэвтээгээр ашигладаг гэж ойлгодог. ТЭЗҮ-ийн талаарх ойлголт манайд маш хангалтгүй явж ирсэн. Төслийн танилцуулга мэтээр ойлгодог. Би цаашид хичээн ажиллах болно.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Залуу хүн сайн ажиллах байх аа, амжилт хүсье. Яамдын үйл ажиллагааг Засгийн газартай уяж ажиллахад ЗГХЭГ-ын үүрэг роль маш чухал. Нийслэлд тулгамдсан асуудал маш их байна. Улаанбаатар ачааллаа дийлэхээ байсан. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй зэрэг олон асуудал тулгарч байна. Нийслэлд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төвлөрлийг бууруулж, орон нутгаа хөгжүүлж, нүүлгэн шилжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ тал дээр сайн ажиллаарай. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогыг боловсруулахад залуу хүний хувьд сайн ажиллаарай.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
ЗГХЭГ-ын дарга амархан ажил биш. Салбарын сайдуудын хийж чадахгүй, орж чадахгүй, зүрхлэхгүй ажлуудыг хийнэ. УИХ, Засгийн газрынхаа гүүр болно. 60 чавганцын ажил хийдэг. Залуу хүнийг цагаан сарын хэвийн боовны гурил шиг нухдаг ажил даа. Олон амаргүй зүйлтэй тулгарна. Л.Болд нарын шаардаад буй шударга ёсны биелэлтийг энэ албан тушаал дээр очоод хийнэ шүү дээ. Эрдэнэтийн 49 хувиас авахуулаад томоохон хэргүүдийг шалгахыг гардан зохион байгуулах ажил таны нуруун дээр ирнэ. Нийгмийн хүсэмжлээд буй шударга ёс таны гарт ирж байна. УИХ тодорхой хугацаанд гацлаа. УИХ, Засгийн газар хоорондын гүүр нь болж эв зүйг нь олж ажиллахад хариуцлагатай ажиллаарай. ЗГХЭГ-ын дарга гэдэг бол сайд нарын дарга гэсэн үг. Зүйрлэвэл Засгийн газрын аав нь Ерөнхий сайд, ээж нь ЗГХЭГ-ын дарга юм билээ. Гадаад, дотоодод сурсан хүн өөр ажиллах байх аа. Шинэ үеийн улс төрчдийг төлөөлж байгаагаа ухамсарлаж хариуцлагатай сайн ажиллаарай.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
Би Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний сайн сайн чанаруудыг олж харж байна. Гэхдээ би танд итгэхгүй байна. Олон хүний өмнө бид хариуцлага хүлээж байгаа. Хэнтийн 49-р тойргийн нөхөн сонгууль удахгүй болно. Залуучуудын улс төрд итгэх итгэл муудаж байгаа нь улс төрчдийн хуурамч, худалч байгаатай холбоотой. Та Харвард төгссөн залуу гэж Хэнтийчүүдийн өмнө очиж УИХ-д сонгогдсон. Таныг олон сургуульд сурсан гэсэн намтарт чинь би эргэлзэж байгаа учраас итгэхгүй байна. Таныг ажлаа сайн хийж чадах эсэхийг цаг хугацаа харуулах байх. Сургуульд сурах боломж олдоогүй байж болох ч түүнийгээ үнэнээр нь хэлдэг байх хэрэгтэй. Би худалч биш нийгмийг хүсч байна.
Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаан дээр танилцуулж байна.
Байнгын хороод: Сайд нарыг томилохыг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайдаар Ё.Баатарбилэгийг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг томилох саналыг УИХ-д өнөөдөр /2019.02.02/ өргөн барьсан билээ. Үүний дагуу МАН-ын бүлэг хуралдаж, сайд нарыг 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Харин дөнгөж сая УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэж, мөн л 100 хувийн саналаар дэмжлээ.
Одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайдаар Ё.Баатарбилэгийг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг чуулганы хуралдаанаар томилох эсэхийг хэлэлцэнэ.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа
Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тав, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49, нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулгадаа дурдлаа. Хаврын чуулганаар нийт 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
- “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
- Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
- Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
- Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй учир тус тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 76 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлууллаа. Үдээс хойш 15.00 цагт чуулган хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Хэнтийн нөхөн сонгуулийн зардалд 287 сая төгрөг зарцуулна
“Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.
Харин “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 дэмжсэнээр тус тогтоолын төслүүдийг баталлаа.
Насанд хүрээгүй 30 хүүхэд ял эдэлж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хорооны хуралдаанд шилжүүлэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Тус төвийг байгуулах төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттайгаар боловсруулж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн хамт солонгосын талд хүргүүлсэн бөгөөд “Эксим” банкнаас “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах төслийн төсөвт өртөг болох 9.5 сая ам.долларыг 16.148.051 сая ам.доллар болгох санал ирүүлснийг 10.450.000 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг манай тал солонгосын талд дахин хүргүүлээд байна. “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Яллагдагчид эргэлзээтэй нөхцөл үүсвэл ашигтайгаар шийднэ гэж байдаг. Эдлүүлэх ял нь техник байхгүй гээд ялыг хойшлуулах хууль юм байна. Ялыг эдлүүлэх бололцоогүйгээс ял эдэлж чадаагүй бол цагаатгах ёстой юм биш үү? Энэ хууль батлагдсанаас хойш гэмт хэрэг үйлдсэн этгээд зорчих эрхийг хязгаарлагдсан тохиолдолд ял нь хойшлохоос биш одоо яг бутлахаас өмнөх ялд үйлчлэх боломж байхгүй. Хууль зүйн утгаараа ийм юм. Хууль зүй, дотоод хэргийн яам ер нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хэзээ янзалж оруулж ирэх вэ? Хүн зодсон хүн 100,000 торгуулдаг. Хүн гүтгэсэн бол 2 саяар торгодог. Х тайлан гаргавал 1 сая төгрөгөөр торгодог. Тухайн хүн ямар ч орлого олсонгүй. Надад мөнгө байхгүй гээд Х тайлан гаргаад байхад 1 сая 500 олж ир гэдэг. Бохь, тамхи ширхэглэн зарж байгаа хүмүүсийг 50,000 төгрөгөөр торгож байна. Тэдний зарж байгаа нь 20,000 төгрөгт ч хүрэхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
“Цахим хяналтын удирдлагын төв”-ийг яаралтай байгуулах шаардлага бий. Хуулийн төсөлд орж ирсэн заалтууд нь их зөв. Өнөөдөр шийтгэл авсан хүмүүсийг заавал тусад нь бөөгнүүлж хориход байр савны хүрэлцээ ч муутай байна. Техник технологи хөгжсөн эрин цагт гаднын олон улс техник технологийг ашигладаг болсон. Ялангуяа бүх улс “Цахим хяналтын удирдлагын төв”-үүдтэй болчихсон байхад манайх энэ төвийг яаралтай байгуулах нь зөв. Зорчих эрхийг нь хязгаарлана гэдэг бол тухайн хүнийг технологиор хянах үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Энэ талын судалгаанууд хэр хийгдсэн бэ. Дараагийн асуудал болох Зөрчлийн тухайн хууль нэлээд шүүмжлэлийг дагуулж байна. судалгаагаар Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээр нийгэмд гарч байгаа гэмт хэргүүд бууруулсан гэсэн тоо баримт байсан. Энэ талын сүүлийн үеийн судалгааг асуумаар байна.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж:
2017 онд гэмт хэргийн өсөлт 64 хувьтай байсан. Асар өндөр үзүүлэлт. Бага багаар буурсаар өнгөрсөн 2018 оны төгсгөлд 3-4 хувиар буурсан. Энэ үзүүлэлт нь цагдаа нар ажлаа сайн хийж байгаатай холбон үзэж байгаа. цагдаа нарын ажлаа тайван хийх боломжийг олгож, шаардлага өндөр тавьснаар хэргийн өсөлт буурдаг. Зөрчлийн хуулийн талаар салбар бүрээс хэдэн хуудас болохгүй байна гэсэн танилцуулгууд ирж байгаа. одоо санал боловсруулахдаа энэ бүхнийг харгалзан үзнэ. Гэхдээ маш том хууль. Технологи нэвтрүүлэхийн тухайд чин үнэнээ хэлэхэд энэ ял хэр зохистой ял вэ гэсэн эргэлзээ одоо хүртэл надад байгаа. гэхдээ ямар ч байсан нөхцөлийг нь бүрдүүлж оролдоод үзье гэдэг байр сууринаас асуудалд хандаж, хуулийн хэрэгжих хугацааг 2021 он хүртэл сунгаад өгөөч гэсэн санал оруулсан. Хэрэг дээрээ энэ ял баян, мөнгөтэй хүмүүст зориулсан ял гэдгийг би шулуухан хэлчихье. Мөнгө төгрөггүй хүмүүс нь шорондоо суух ийм л ял. Би үүнийг зөв, буруу гэж хэлэхгүй. Жишээ нь хөдөөгийн сумын малчин хүнд энэ ялыг хэрэглэх нь тун эргэлзээтэй. Морь унахгүй байлтай нь биш, хээр гадаа гарч аргал түүлгүй гэртээ хэвтээд байхгүй. Монголын онцлог гэж бий. Жижиг газартай, олон хүн амтай улсуудад хэрэглэх боломжтой. харин ийм ял манайд тохирохгүй. Нүүдэлчин зан заншил, том газар нутаг, цөөн хүн ам гэх мэт олон шалтгаан байна. Сумын төвийн доторх нөхцөл байдлыг цэгцлэхэд манайд их амархан. Гарын 10 хуруунд багтах танхай хүн байдаг. Энэ бүхнийг харгалзаж үзсэн ял байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Эрүүгийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын 25 дугаар оруулсан байна. Уг хуулийн төслүүдэд эргэлзээтэй олон заалтууд байгааг гишүүд хэлж байгаа. Энэ нь цаанаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой. Тиймээс хэлэлцэх асуудлын урдуур оруулмаар байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаас хойш сайжруулсан болон дордуулсан зүйл юу байна вэ. Дараагийн нэг асуудал нь 10 мянган хүн амтай, саатуулах байргүй сум байна. Аймаг руугаа тухайн хүнээ аваад явлаа гэхэд 1000 гаруй км туулдаг. Эдийн засгийн хувьд тун хэцүү. Энэ асуудалд анхаарч өгөөч.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж:
Насанд хүрээгүй хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн тухайд дийлэнх нь хүн амины гэмт хэрэгт холбогдсон байдаг. Өөр хэрэгт тэднийг аваачиж хорих газарт ял эдлүүлж байгаа тоо тун бага. Нэг удаа би хориход ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг бүгдийг нь өршөөгөөд гаргах хууль оруулах талаар дотроо бодоод ял эдэлж байгаа хоригдлуудын хувийн хэргийг нь нэг бүрчлэн үзтэл тэдний 90 гаруй хувь нь дандаа санаатай хүн амины хэрэг үйлдсэн байсан. Мөн залилангийн хэрэгт холбогдсон зэрэг энэ хоёр төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд ял эдэлж байна. Хүүхдүүдийн хувьд мөн л хүн амины гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хууль гэдэг хүн бүхний оролдоод байдаг хуулийн төсөл биш гэдгийг бодох хэрэгтэй. Дотрын эмч хүн тархины нарийн мэс засал хийж байгаатай ижил зүйл. Нэг үг буруу оруулчихвал бүх зүйл нь буруу тийш эргэнэ, ийм л онцлогтой хууль.
Ажлын хэсэг:
Улсын хэмжээнд 30 орчим хүүхэд ял эдэлж байна. Танхай хэрэг болон хулгай анх удаа, эсвэл олон удаа үйлдсэн 30 гаруй насанд хүрээгүй хүүхэд хоригдож байгаа аж.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Малын хулгайн гэмт хэргийн ялыг чангаруулах асуудал дээр сайд анхаараач ээ. Энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүнийг суманд, зөвхөн гэрийнх нь хашаанд явах гавыг нь зүүж өгдөг бололцоог үүсгэ. Энэ бол хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Гаванаасаа чөлөөлөгдөхийн тулд хохирлоо заавал баригдуулан байх ёстой.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
Би уг хуулийн төслийг дэмжихгүй. Нэг хуулийг гэрийн хорионд байлгахын төлөө хэдэн сая төгрөг зарцуулах юм. Энэ хуулийг өнөөдөр татаж байгаа юм байна. Цаашдаа ч ярих шаардлагагүй. Нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй уяхаа болих цаг болсон.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Л.Болд: Би коммунист намаас гарсан
УИХ-ын гишүүн Л.Болд:
Өнөөдөр намрын чуулганаа хаадаг юм байгаа биз. Ард түмэн удаан хүлээхгүй шүү. А гэдэг хүнийг Б-ээр солиод асуудал намжихгүй. Ээлжит бус чуулганыг хүлээж байна. Бид эв зүйгээ оллоо гэж бодсон. Гэтэл одоо АН-ын бүлэг бойкот зарлалаа гэлээ. АН-ын бүлэг гишүүнээ хөөсөн. УИХ-ын гишүүнийг сонгогчдын нүдэн дээр хөөж байгаа нь Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг зөрчсөн хэрэг. Манай тойргийнхон намайг бие даагаад хүрээд ир гэсэн. Би бие дааж очно гэдгээ хэлсэн. Би коммунист намаас гарсан.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлана. Засаг төрөө нэн яаралтай эмхэлж ажилд нь оруулах хэрэгтэй. Боловсрол, зам тээврийн салбар шинэ удирдлагатай болно. Ажилд нь шуурхай оруулж, засаг төрийн ажлыг явуулах хэрэгтэй. Ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай. Татварын багц хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Чуулганы завсарлагаанаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг шинэчилж байгуулах шаардлагатай. Одоогийн ажлын хэсгийн ажил нь явахгүй байна. Болохгүй бол би ахалъя. Надад тооцоо судалгаа, мэдлэг, чадвар нь байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
УИХ хууль хяналтын байгууллагын бүх удирдлагыг өөрчилж болно. Томилох, чөлөөлөх эрх нь УИХ-д бий. Шинийн таванд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, эхний тогтоолоороо бүх хууль хяналтын байгууллагын удирдлагыг солих хэрэгтэй. УИХ-ын дарга ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Засгийн газраас энэ сарын 8-ны ажлын өдрийг 2-ны Бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийх бөгөөд таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад томилох эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
Холбоотой мэдээ