Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд ч мөн тэмдэглэдэг билээ. Тэр тусмаа Азийн орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн "Сонирхолтой газар зүй" булангаар дэлхийн бусад оронд энэ баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхоцгооё.
Япончууд нэгдүгээр сарын 1-нд Цагаан сарын баяраа тэмдэглэдэг
Япончууд дорнын уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн түгээмэл уламжлалын нэг юм. Зөвхөн гэр бүлд нь уй гашуу тохиолдсон хүмүүс л ил захидал явуулдаггүй.
Япончууд Хятадтай адил хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг. Энэ заншлыг “отошидама” гэж нэрлэдэг байна. Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу юм. Омочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой. Омочиг идсэн хүн бурхны буян хишгийг хүртсэнд тооцогддог.
Солонгосын цагаан сарын хүндэт идээ нь будааны бялуу
Өмнөд Солонгост Цагаан сарыг “Солнал” хэмээн нэрлэдэг. Солонгосын зурхайн тоолол Хятадтай таардаг учир энэ хоёр улс цагаан сараа нэг өдөр тэмдэглэдэг. Цагаан сарын баяр мөн л гурван хоног үргэлжилдэг. Эцэг эх, эмээ өвөөдөө үр хүүхдүүд нь гүн хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон өнгө өнгийн ханбуг өмсөн мөргөж золгодог. Харин ахмад настнууд нь үүний хариуд хүүхдүүдэд мөнгө бэлэглэдэг аж. Цагаан сарын гол зоог нь Японтой адил будааны бялуу байдаг. Айл бүр билгийн тооллын шинэ жилдээ токкук /гурилтай шөл/, гаретток хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Токкукыг ууснаар нэг нас нэмэгдэнэ хэмээн үздэг. Солонгосчууд Цагаан сараар гэр бүлээрээ олон төрлийн үндэсний тоглоом наадгай тоглодог.
Вьетнамчууд Цагаан сараар гэрээ тоорын цэцгээр гоёдог
Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тет” хэмээн нэрийддэг. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлч юм уу хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Гэрийн эзэн нь эхнэр, хүүхдүүддээ “Аз жаргал, баяр жаргап” гэсэн утгатай бийрийн уран бичлэг бэлэглэдэг байна. Вьетнам айлд Монголтой адил авдар бий. Энэ авдар дээрээ шинийн 1-ний едер бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Шинэ оноос өмнө өр төлбөрөө барагдуулахыг эрхэмлэдэг нь манайхтай ижил. Гол идээ болох цагаан будааны бялууг дөрвөлжин эсвэл цилиндр хэлбэртэй хийгээд гадилын навчаар ороодог. Дөрвөлжин хэлбэр нь жилийн 4 улиралд хүнс өгдөг газар шороондоо талархаж буйн бэлгэ тэмдэг болдог. Цилиндр хэлбэртэй нь тэнгэрийг бэлэгддэг. Айлууд гэрээ цэцэг навчаар, ялангуяа тоорын цэцгээр чимдэг уламжлалтай. Вьетнамчууд цагаан сараар ус ихээр худалдан авдаг. Учир нь, мөнгө ус шиг урсан орж ирэхийг бэлгэддэг байна.
Төвдүүд Цагаан сараар архи амсдаггүй
Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Төвд. Төвдүүд билгийн тооллын шинийн 1-нд “Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг нь Цагаан сарын баяр юм. "Ло" гэдэг нь жил, "Сар" гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг. Төвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Хамгийн хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Төвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог байна. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна. Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. “Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.
Хятадууд Цагаан сарыг хамгийн өргөн тэмдэглэдэг
Цагаан сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол яах аргагүй Хятад улс билээ. Хятадууд мөнгөө хадгалдагаараа алдартай ард түмэн. Харин тэд цагаан сардаа хадгалсан мөнгөнөөсөө гар татахгүй зарцуулдаг. Цагаан сарын өмнөх өдрүүдэд гэр орноо цэвэрлэх нь манайхтай адил бөгөөд энэ үйлээ тэд өнгөрсөн жилийн муу муухай зүйлийг арилгаж, шинээр сайн сайхныг урин дуудаж, хүлээн авахад бэлэн болгох учиртай хэмээдэг. Цэвэрлэж ариутгасан гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг бэлгэдэлтэй үгсийг бичсэн байдаг юм. Манайхаар бол битүүний өдрийн зоог нь Хятадын цагаан сарын хамгийн чухал үйл явдлын нэг. Жилийн турш хол байсан ах дүү, үр хүүхэд нь эргэж төрсөн гэртээ цугларан цагаан сарын өмнөх орой ширээ тойрон сууж, баярын идээ зоогоо зооглоно. Цагаан сарын эхний өдөр олон айл махаар хийсэн хүнс хоол идэхээс татгалздаг. Хятадууд нохой анх шинийн хоёрны өдөр төрсөн гэж үздэг учир энэ өдөр нохой хооллодог. Хятадууд шинийн тавны өглөө урьдаас бэлтгэсэн баншаа жигнэн иддэг. Энэ өдрийг эд баялгийн бурхны төрсөн өдөр гэж үздэг учир банш зооглодог юм. Мөн баншны ханз нь эд баялаг гэсэн ханзнаас бүтдэг. Хятадын үр хүүхдүүддээ улаан өнгийн дугтуйтай мөнгө өгдөг. Харин дугтуй доторх мөнгөний хэмжээ нь хятадуудын бэлгэшээдэг наймын тоотой байдаг бөгөөд найман доллар байх нь элбэг.
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, гурав хоног амарч баярладаг. Тэдний гол зоог тахианы мах, будаа, жимс, амттан юм. Шинийн нэгний өглөө ариун ус гэж урьдаас бэлтгэн тавьсан усаар нүүрээ угаана. Өдөр нь цээжин хэсгээ угаана. Харин шөнө унтахаасаа өмнө хөлөө угаагаад унтдаг. Энэ нь аз хийморийг бэлгэддэг.Шинийн хоёрны өдөр ядуу зүдүү орон гэргүй хүмүүст өглөг өгч буян үйлдэж, сүм хийддэ очиж мөргөдөг. Мөн төрөл бүрийн хүж, лаа асаадаг. Сүм хийдийн хашаанд элсэн овоо босгож хүж, өнгө өнгийн дарцагаар чимэглэдэг. Хөгшид болон олон жил сүм хийдэд байсан бурхан тахилаа ариун усаар угаадаг.
Тайландчууд гурван удаа шинэ жил тэмдэглэдэг
Тайландын билгийн тооллын шинэ жил Камбожтай адил дөрөвдүгээр сарын дундуур болдог. Ургацаа хурааж, дууссаны дараа баяраа тэмдэглэдэг Тайландчууд Цагаан сарыг “Сонгкран” гэж нэрлэдэг. Тайландын хүн амын 15 орчим хувийг Хятад үндэстэн эзэлдэг. Тиймээс тус улс нийтийн, билгийн болон Тай тооллоор гээд нийт гурван удаа шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.
Лаос улс Цагаан сарын баярыг таван хоног тэмдэглэдэг
Лаос цагаан сарыг “Лин” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг бөгөөд тус баярыг таван хоног тэмдэглэдэг. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг. Харин шинийн 1-нд 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил ергөдөг байна. Харин 50-аас дээш насны эмэгтэйчүүд 10-аас доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай. Мөн баярын үеэр гэр орон, сүм хийдүүдээ цэцэг болон янз бүрийн үнэртэнгээр баяжуулсан усаар угааж цэвэрлэдэг. Анхилуун үнэртэй усаар байлдаж тоглох нь элбэг. Энэ нь өнгөрсөн жилийн хамаг муу муухай зүйлийг угааж, бүх зүйл шинээр эхлэхийг бэлгэднэ.
Холбоотой мэдээ