"Толуй хаан" агаарын хөлөг өнөөдөр туршилтын нислэгээ үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

"Толуй хаан" агаарын хөлөг өнөөдөр туршилтын нислэгээ үйлдэнэ

"Толуй хаан" агаарын хөлөг өнөөдөр туршилтын нислэгээ үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани өнгөрсөн онд 2293 удаагийн аяллаар 18400 цагийн нислэг хийж, 718 мянган зорчигч тээвэрлэжээ. Үүнийг 2017 оны зорчигч тээвэртэй харьцуулахад 16  хувиар өссөн үзүүлэлт бол энэ онд 760 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьжээ. Тус компани энэхүү зорилгодоо хүрэхийн тулд АНУ-ын  Боинг компанийн үйлдвэрээс дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 -Max -8” маркийн дундын зайн  хөлөг онгоцыг өчигдөр/2019.02.01/ ашиглалтад хүлээн авлаа.

Уг онгоцыг "Толуй хаан" гэж нэрлэсэн бөгөөд тус  компанийн ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан даргатай нислэгийн бага анхны нислэгийг түүчээлэн АНУ-ын Сиатл хотоос ОХУ-аар дамжин  эх орондоо авчирсан юм. 

Ингэснээр "МИАТ" компани хоёр ширхэг B-767-300,  гурван ширхэг B-737-800,  нэг ширхэг, B-737-700 , B-737 MAX -8   зэрэг нийт долоон агаарын хөлөгтэй болоод байна.

Тус компани Нидерландын “ING” банкнаас авсан 20 сая ам.долларын зээлээр “Boeing” компаниас 2013 онд “Boeing 767-300 ER” агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2018 оны арванхоёрдугаар  сард зээлийн төлбөрөө барагдуулжээ. Харин 2019 онд худалдан авах гурван  агаарын хөлгийн хувьд компанийг нэмэлт санхүүгийн дарамтаас чөлөөлөхийн тулд түрээсийн гэрээгээр ашиглахаар болсон байна. B-737 MAX- 8 агаарын хөлгийг 12 жилийн хугацаанд сар бүр 430 мянган ам.доллараар  түрээслэхээр тогтжээ. Дараагийн онгоц тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ирэх бөгөөд зөрөөд хоёр онгоц буцах юм.

ШИНЭ ОНГОЦ ХОЁРДУГААР САРЫН 5-ААС ЭХЛЭЭД  ОЛОН УЛСЫН НИСЛЭГТ ГАРНА

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр "Шинэ онгоц маань түлш бага зарцуулдаг, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой, аюулгүй байдлыг хангасан, дуу чимээ багатай, зорчигчдын ая тухыг хангасан гэх зэрэг давуу талтай. Шинэ онгоцны туршилтын нислэгийг маргааш /2019.02.02/ Хонг-Конг руу  хийнэ. Үндсэндээ  хоёрдугаар сарын 5-аас эхлээд  олон улсын нислэгт гарна.

В-737МАХ-8 нь Европын чиглэлд нисэхэд хамгийн тохиромжтой. Тухайлбал, өмнө нь Боинг 737NG онгоцоор  Москва руу нисэхэд түлш их зарцуулдаг учир жингийн хязгаарлалтад орж хоосон суудалтай нисэхээс өөр аргагүй байсанг. Харин Боинг 737 МАХ-8-ын хувьд бүрэн 162 зорчигчтой нисэх боломжтой. Энэ зун хоёр дахь тээвэрлэгч орж ирэх учраас үнэ  тарифын хувьд буурна гэсэн тооцооллыг гаргаад байна” гэлээ.

“МИАТ” компани энэ жил  БНХАУ-ын Шанхай, Гуанжоу, Японы Осака хот руу  шинээр тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Монгол Улс, БНСУ хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард шинэчлэн, Монголын талаас Улаанбаатар-Инчеон чиглэлд долоо хоногт 11 нислэг, БНСУ талаас долоо хоногт есөн нислэг үйлдэхээр болжээ. Монгол талаас үйлдэх 11 нислэгийг "МИАТ" гүйцэтгэхээр болсон байна.

ГЭРЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ОНГОЦ  ТАВДУГААР САРД ОРЖ ИРНЭ

"МИАТ" компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд  хэлэхдээ “2011 онд "МИАТ" компани Боинг компанитай гэрээ байгуулж, нэг B767-300, хоёр B737-800 онгоцыг худалдан авах гэрээ зурсан. Энэ онгоц нь 2016 онд орж ирэх байсан ч B767-300 онгоцыг худалдаж аваад санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнээс хойш шууд худалдаж авах бус түрээсийн шугамаар агаарын хөлөг авахаар болж, өнөөдөр хүлээн авч байна. Гэрээний хоёр дахь онгоц  тавдугаар сард орж ирнэ. Шинэ  онгоц шинэ загвар гэдэг утгаараа зах зээл задарч байгаа энэ өрсөлдөөнд л бэлдэж байгаа хамгийн том хэлбэр юм. Шууд худалдаж авахаар онгоцоо авахаас өмнө төлнө гэдэг хэцүү. Тийм  учраас түрээсийн компаниар  дамжуулж авсан. Түрээсийн компаниар дамжуулж авахаар сар бүр түрээсээ төлөхөөс бусад том хэмжээний зардал гарахгүй” гэв.

ЗОРЧИГЧ ӨӨРИЙН ГАР УТАС, ТАБЛЕТААРАА WIFI СҮЛЖЭЭ АШИГЛАН АГААРЫН ХӨЛГИЙН ҮЗВЭРИЙН СИСТЕМТЭЙ ХОЛБОГДОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

B-737MAX -8 агаарын хөлгийн онцлох нэгэн зүйл нь Onboard wifi-тай. Ингэснээр зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож, Hollywood-ийн кино, үзвэрээс  сонгон үзэх боломжтой юм байна.

Тус онгоц нь бизнес 12, энгийн 150 суудалтай  бөгөөд үүнээс  бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэй, бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй wifi сүлжээгээр холбогдож, хүссэн кино нэвтрүүлгээ үзэх боломжтой. Мэдээж суудал бүр USB цэнэглэгчтэй. 

Харин хөдөлгүүрийн хувьд CFM LEAP-1B хөдөлгүүртэй учир хүчин чадлын хувьд өндөрт тооцогддог юм байна. Мөн зорчигчийн тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлгийг SKY Interier дизайнтай хийжээ.

“МИАТ” компанийн нисгэгч болон инженер техникийн бүрэлдэхүүн олон улсын түвшинд  үнэлэгдэж эхэлжээ. Тухайлбал, тус компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 1956 оноос хойш компанийнхаа бүх агаарын тээврийн хүлгүүдэд засвар үйлчилгээ хийж иржээ. 2014 оноос эхлэн гадаадын агаарын  тээвэрлэгч компаниудын агаарын хөлөгт  засвар үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд нийтдээ гадаадын 12 агаарын  тээвэрлэгч компанитай хамтарч ажиллаж буй.

Өнөөдрийн байдлаар  62 дахь агаарын  хөлөгтөө засвар үйлчилгээ хийгээд байна. Нэг онгоц засварлахад 250-500 мянган ам.долларын орлогыг компанидаа оруулдаг бөгөөд  өнгөрсөн 2017 онд 25 онгоц засаж, нийтдээ 5.2 сая ам.долларын орлогыг компанидаа  оруулж байсан бол 2018 онд 12 агаарын хөлөг зассан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж