Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Д.Дондов, М.Дамдинсүрэн нарыг хоёрдугаар сарын 1-ний өдөр уул уурхайн салбарын дээд шагнал болох “Уул уурхайн алдарын од” одонгоор шагнав. УУХҮЯ, “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” ТББ-аас олгодог энэхүү салбарын нэр хүндтэй шагналыг энэ удаа Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгч Доржийн Дондов, Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Мятавын Дамдинсүрэн нар хүртсэн байна.
“Уул уурхайн алдарын од” одонг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав гардуулан өгчээ. Д.Дондов нь Багануурын уурхайг байгуулахад гар бие оролцсон бол М.Дамдинсүрэн нь Монгол Улсад уул уурхайн баяжуулах салбар бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан, уул уурхайн салбарт 50 гаруй жил ажилласан туршлагатай ажээ.
Мөн “Mining journal” сэтгүүлийн сэтгүүлч Г.Идэрхангайг уул уурхайн салбарын чиглэлээр 10 орчим жил тасралтгүй сэтгүүл зүйн бүтээл туурвисан хөдөлмөрийг нь үнэлж, “Тэргүүний уурхайчин” тэмдгээр шагнав.
Б.ЖАРГАЛ