М.Энхболд огцорлоо гээд 60 тэрбумын асуудал орхигдохгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

М.Энхболд огцорлоо гээд 60 тэрбумын асуудал орхигдохгүй

М.Энхболд огцорлоо гээд 60 тэрбумын асуудал орхигдохгүй

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


 Ц.НЯМДОРЖ: Г.ЗАНДАНШАТАРТ ЗАНГАА БИТГИЙ ХУВИРГААРАЙ ГЭЖ ЗАХИСАН

Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос улс төрийн цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Та Удирдах зөвлөл (УЗ) хуралдааны өмнө хэвлэлийнхэнд яриа өгөх  үеэрээ УЗ дээр эцсийн үгээ хэлж гэж байсан. Юу хэлсэн юм бэ?

-Хэлэх ёстой үгээ хэлсэн юм. Дараагийн УИХ-ын дарга болох хүнд нь ийм ийм ажил хийгээрэй гэж хэллээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудал мөн С.Зоригийн амь насанд халдсан асуудалд асар их алдаа завхрал хуйвалдаан гарсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдах үеэр танд УИХ-ын даргын суудлыг амалсан гэдэг нь үнэн үү?

-Бүгд худлаа. Харин Засгийн газрыг унагавал Ерөнхий сайд болгоно гэсэн яриа гарсан. Би үгүй гэсэн. Би хүн унагаачихаад суудлыг нь авдаг хүн биш.

-Та Г.Занданшатар даргыг УИХ-ын даргаар хэр сайн ажиллана гэж дүгнэж байна вэ?

-Харна. Амлалтаар биш үйлдлээрээ харуулдаг ажил. Зангаа битгий хувиргаарай гэдгийг би Г.Занданшатарт захисан. Хэцүү хэцүү шийдвэр гаргах үе гарна шүү. Энэ үед зангаа бүү хувиргаарай, битгий хоёр нүүрлээрэй гэдгийг хэлсэн.

-Таныг сүүлийн үед урвагч гэж хэлэх боллоо. Та үүнд тайлбар өгөөч?

-Би урвадаггүй. Зарчмаасаа урвасан, өргөсөн тангаргаасаа няцсан хүмүүсээс би зүгээр л холддог юм. Энэ бол миний төрөлх унаган зан, миний сонирхол.

-Танд УИХ-ын дарга болох сонирхол байсан уу?

-Би наад ажлыг чинь хийгээд үзчихсэн хүн.

дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

"ХҮНИЙГ ЯАЖ ХАРЛУУЛЖ БОЛДГИЙГ БИ БИЕЭРЭЭ МЭДЭРСЭН"

 

УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

“М.ЭНХБОЛД ДАРГА МАНАЙ НАМЫН 37 ГИШҮҮНД ТААЛАГДСАНГҮЙ”

-УИХ-ын даргыг албан ёсоор гишүүдийн олонхын саналаар чөлөөллөө. Үүнийг нөгөө талдаа парламентын тогтворгүй байдлыг бий болгож байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Та ч бас чуулганы хуралдааны үеэр ийм байр суурь илэрхийлж байсан?

-2016 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн 76 гишүүн, тэр дундаа МАН-ын 65 гишүүн санал нэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдыг томилсон. Томилогдсоноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын дарга Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн, хууль бус үйлдэл хийгээгүй. М.Энхболд таалагдсангүй гэдэг үндэслэлээр огцруулах гэсэн манай намын хэсэг гишүүний тэмцэл хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хоёр сар орчим бойкотолсон. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй, жирийн иргэдэд хэрэгтэй хууль тогтоомжууд тасралтгүй хэлэлцэгдэж, мэтгэлцээн дунд батлаад явах нь сонгогчдынхоо төлөө, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн гишүүний үүрэг. Гэтэл намын дотоод хэрүүл тэмцэл, зөрчилдөөнөөс үүдэж, парламентын үйл ажиллагааг гацааж, бойкотолсон үйл явцыг ард түмэн харсан. Энэ үйл явцын хажуугаар 27 гишүүнийг УИХ-ын дарга М.Энхболдыг өмөөрөгч, хамгаалагчид хэмээн цоллож, нийгэмд буруу ойлголт төрүүлэх үйл явцыг сошиалаар тасралтгүй явууллаа. Угтаа бол энэ 27 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах үүргээ биелүүлсэн. Тиймдээ ч УИХ-ын дарга, төрийн эрх барих дээд байгууллагын дарга нь хуулиа л барьж ажилласан. Бид эрх зүйт төртэй бол бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. УИХ-ын дарга М.Энхболд нэг хэсэг бүлэгт таалагдаагүйн төлөө хууль бусаар огцруулаад байвал хаана хууль хэрэгжих юм бэ. Жирийн иргэд яаж хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулах вэ. Хурал бойкотолж байсан гишүүдийн үйлдэл хуулийн дагуу биш гэдэг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулж ирснээр нотлогдсон. УИХ-ын дарга сая 2019 оны нэгдүгээр сарын 25-нд шинээр батлагдсан хуулийн дагуу албан ёсоор чөлөөлөгдлөө. Энэ хүнийг 60 тэрбумын хэрэгтэй холбож, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдэг шалтгаанаар чөлөөллөө. 60 тэрбум бол 2016, 2017 оны сонгуулиар МАН-ын эсрэг хийсэн эвлүүлэг бүхий сөрөг пи-ар байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгохдоо МАН-ын гишүүд М.Энхболдод итгэл хүлээлгэсэн.

-Хууль эрх зүйн тодорхой үндэслэл байхгүй байна гэдэг шүүмжлэлийг чуулганы хуралдаанд олон гишүүн хэлж байсан?

-Ердөө М.Энхболд төрийн албанд олон хүн томилуулаад л 60 тэрбумыг босгосон гэж яриад байгаа. Гэтэл 60 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын томилгоогоор бүрдүүлсэн бол төрийн албанд хамаатан садан, ах дүү нар, сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан, хандив авсан хүмүүсийнхээ хамаарал бүхий этгээдүүдийг томилуулсан хүмүүс нь энэ 65 гишүүн бүгд мөн. 2016 оны арваннэгдүгээр сарын сүүлээр МАН-ын 65 гишүүн, Удирдах зөвлөлтэй хамтран өртгөсөн хурал хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хэн гэдэг гишүүн хаана, хэнийг ажилд оруулсан бэ гэдгийг слайдаар бэлтгэн өргөтгөсөн хуралдаанд танилцуулсан. Тиймээс энэ ургийн модоо зураад, хэлэлцүүлэг хийх үүргийг УИХ-ын дарга 2018 оны 12-р сард тавьсан ч хийлгээгүй. Хамгийн их олон хүн томилуулж, ургийн мод бий болгосон гишүүд нь одоогийн шантааж хийж байгаа гишүүд дунд байсан байх. УИХ-ын дарга М.Энхболд огцорлоо гээд 60 тэрбумын асуудал орхигдохгүй нь ойлгомжтой. Одоо ч тэр бэлэн ургийн модоо олон нийтэд ил зарлаад, хэлэлцүүлэг хийх ёстой. Хүний ярьсан хэлсэн зүйлийг эвлүүлээд, хүнийг харлуулж болдог гэдгийг би өөрөө ч мэдэрсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Н.НЯМХОРЛОО: ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА

Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг айлчлан ирж, өвлийг өнтэй давсны баяр хэмээн монголчууд бид үе уламжлан өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг цагаан сарын баярын өдрүүдэд ард иргэдийг болзошгүй гамшиг осол, аюулаас сэрэмжлүүлэх үүднээс НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоотой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сар буюу сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан тантай цаг үеийн сэдвээр ярилцахыг хүслээ. Энэ өдрүүдэд айл, өрх бүрийн гал тогоо ачаалал ихтэй байдгаараа жирийн өдрүүдээс онцлог байдаг шүү дээ?

-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тийм ээ, сар шинэ бол монголчуудын маань өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр. Энэ өдрүүдэд таны хэлсэнчлэн айл бүрийн гал тогоо ачаалалтай байж, зочин гийчдээ дайлж цайлж байдаг ийм сайхан өдрүүд байгаа. Гэвч үүнийгээ дагаад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал түймэр гарах, цаашлаад түлэгдэж гэмтэх, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл гардаг. Учир нь айлуудын цахилгаан зуух, тогоо зэрэг нь удаан хугацаагаар ажилласнаас болж цахилгааны хэт ачаалал үүсэх, цахилгаан тогоо, зуухаа залгаж орхих, мөн гэр хорооллын айл, өрхийн хувьд галлагаа хэтрүүлэх эсвэл хэт халалтын улмаас яндангийн цоонолт үүсэх зэрэг гал түймрийн зөрчил ихэвчлэн тохиолддог. Тиймээс иргэд маань жирийн өдрүүдээс илүү анхаарал сэрэмжийг хэд дахин нэмэгдүүлэх нь илүүдэхгүй байх.

-Үүнээс гадна сар шинэдээ хэт анхаарч, бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхих, мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэн гарч болох эрсдэлүүд их тохиолддог.  Энэ талаар юу хэлэх вэ?

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хараа хяналтгүй үлдээх нь өөрөө маш том эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс өөрийн гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн хүлээх ёстой үүрэг юм. Иймд хүн бүр байнгын сонор сэрэмжтэй байхыг дахин хэлэхийн зэрэгцээ сар шинийн баярын үеэр согтууруулах ундааг зохистой хэрэглэн, хэрэглэсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Дээрх шалтгаанаас үүдэлтэй дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт тасардаггүй. Тиймээс иргэдийн өөрсдийн буруугаас шалтгаалах гамшиг, галын аюулыг бүү гаргаасай гэж хүсч байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж