ОХУ-ын Сочи хотноо үргэлжилж буй эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аваргын төлөөх тэмцээн шувтаргын шатандаа ороод байна. Чансаа өндөртэй 64 шатарчин өрсөлдсөн тус тэмцээний аваргын төлөө Оросын их мастер Наталья Погонина, Украины их мастер Мария Музычуктай өрсөлдөхөөр болсон юм.
Хагас шигшээд Мария Музычук Энэтхэгийн их мастер Харика Дронаваллиг хожсон бол Наталья Погонина Шведийн их мастер Пиа Крамлингийг хожсон.
“Таван настай хүү минь бараг өдөр бүр “Ээж ээ, таны тэмцээн дуусч байна уу?” гэж асуух юм. Би “Мэдэхгүй ээ” л гэж хариулдаг. Гэхдээ одоо бол үнэндээ яг хэзээ тэмцээн дуусахыг мэдэхээр боллоо доо” гэж Наталья Погонина өгүүлсэн байна.
“Би өнөөдөр хараар нүүгээд эхлээд хожчихсон болохоороо хоёрдугаар өрөгт хөнгөхөн ялалт байгуулах байх гэж найдаж байлаа. Гэвч тэгсэнгүй. Хоёрдугаар өрөгт хожигдчихсон болохоор гурав дахь өрөгт сэтгэл санаагаар уначихсан орсон. Гэвч азаар тэнцээний эндшпиль рүү оруулж чадсан” гэж Мария Музычук өгүүлжээ. Өнөөдөр Мария Музычук, Наталья Погонина нар амраад, маргааш дэлхийн шатрын аваргын төлөө өрсөлдөнө. Тэдний хожсон нь ирэх арваннэгдүгээр сард Дэлхийн шатрын аварга Хоу Ифаньтай тоглож, даагаа нэхэх боломж өгөх юм.
Эх сурвалж: http://horom.mn