Төрийн ордноо өнөөдөр эхэлсэн “Эдийн засгийн форум-2015” форум үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж байгаад дууслаа.
Салбар хуралдаанууд “Хөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам”, “Монгол Улсын зээлжих зэрэглэл”, “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” зэрэг сэдвээр үргэлжилсэн юм.
Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар өнгөрсөн нэгдүгээр сард хасахтай гарсан байна. Хасах үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн толгой компаниас авсан зээлийн эргэн төлөлт их хэмжээгээр хийгдсэн нь ийн нөлөөлсөн аж. Тоон дүнгээр авч үзвэл 82 сая ам.долларын сөрөг дүнтэй гарчээ. Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?
Шийдлийн Засгийн газар хөрөнгө оруулалтыг татахын тулд Концессын гэрээгээр зарим төслүүдийг хэрэгжүүлэхээр болж, ажлаа эхлүүлсэн байна. Нийт 10 гэрээг байгуулснаас хамгийн сүүлийнх нь “Багануурын цахилгаан станц” төсөл аж.
Хэлэлцүүлэгт оролцогчид Засгийн газар шинээр байгуулагдах бүрийд төрийн бодлого өөрчлөгддөг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэх том шалтгаан болж байгааг санууллаа. Мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг татахын тулд үнэ чөлөөлөх шаардлагатай аж.
Үе үеийн Засгийн газар эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гаргалгүй өнөөг хүргэсэн нь нэг талдаа бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэж үздэгтэй нь холбоотой боловч, цаад агуулгаараа эдийн засгаа туйлдуулж байгаа тул энэ алдаагаа засах. Үүний тулд зөвхөн зорилтот хэсгийнхээ эрчим хүчний үнэд хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлж, бусад хэсгээ чөлөөлөх. Үнэ чөлөөлөх асуудал мөн автобус компаниуд,төмөр замын салбарт ч шаардлагатай.
Мөн хөрөнгө оруулалтыг татахын тулд Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, стратегийн салбарт төр бизнес хийдэггүй байх зэрэг саналуудыг хэлсэн юм.
Эдийн засгийн форум маргааш хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ. Салбар хуралдаанууд дараах цагийн хуваарийн дагуу үргэлжилнэ.
Баасан гариг, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд
9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Их танхим: Монгол Улсын хөгжлийн стратеги, бодлого ( vision)
11:00-11:30 Цайны завсарлага
Салбар хуралдаан:
11:30-13:00
Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага (мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
Б танхим: Монгол Улсын зээлжих зэрэглэл
13:00-14:00
Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
14:00-15:30
Их танхим: Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
А танхим: Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
Б танхим: МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30
Их танхим: Найрсаг Улаанбаатар
А танхим: МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
Б танхим: Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?
17:30-18:00 Их танхим: Нэгдсэн хуралдаан
Г.ДАРЬ