Шингэн барагшуныг зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Шингэн барагшуныг зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байна

Шингэн барагшуныг зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зориулалтын бус газар үйлдвэрлэл явуулсан, Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм үйлдвэрлэсэн гэх үндэслэлээр “Монгол алтайн барагшун” компанийн зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллагын зарим бүтээгдэхүүнийг яагаад зогсоосныг сурвалжлахаар үйлдвэр дээр нь очлоо.

Биднийг үйлдвэр дээр очиход бүтээгдэхүүн сураглан ирсэн хүмүүст “Шингэн барагшунаас бусдыг худалдахгүй байгаа. Манай үйл ажиллагааг түр зогсоосон” гэж угтагч нь тайлбарлаж байгаа харагдав. Барагшунаар хэрхэн бүтээгдэхүүн хийдэг нь үйлдвэрийн нууц ч үүссэн асуудлын эргэлзээг тайлахын тулд тус байгууллага мэдээлэл хуваалцахыг зөвшөөрснөөр үйлдвэртэй танилцах боломж олдсон юм.

Товчхондоо барагшун нь түвд нэр бөгөөд Монголоор хадан хайлмал гэж нэрлэдэг байна. Олон зуун жилийн туршид бий болсон барагшун нь байгаль дээр чулуу, өвс зэрэг олон бүтээгдэхүүнтэй цуг байдаг тул энэ бүхнээс салгаж, 12 шат дамжлагаар шүүдэг юм байна.

Эхний ээлжид өвс, чулуу зэргээс салгаж, цэвэрлэх, шүүх шаардлага тулгардаг тул эхний шатны үйл ажиллагааг гараар хийдэг гэнэ. Үүний тулд усанд дэвтээж, барагшуныг уусгаж, 2-3 хонуулсны дараа шүүдэг юм байна.  Шүүгээд бохирдолгүй болсны дараа бүтээгдэхүүнийг буцалгаж, хандлана. Ингэснээр цэвэр, барагшун бий болдог ажээ.

Ингээд өтгөн, цэвэр барагшуныг ариутгаж, олон дамжлагаар боловсруулсны дараа эцсийн бүтээгдэхүүн болдог ажээ.

Түүнчлэн орон нутгаас барагшуныг авчрахдаа хятад бичигтэй уутанд савласан байсныг тодруулахад “Орон нутгаас барагшун авчрахдаа таарсан уутанд нь хийсэн нь хятад бичигтэй байсан. Хятадаас барагшуун оруулж ирдэггүй” гэсэн юм.

ӨТГӨН БАРАГШУН, ҮЕ МӨЧНИЙ НААЛТЫГ БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН

Үүссэн асуудалтай холбоотойгоор  “Монгол алтайн барагшун” компанийн захирал У.Энхболдоос дараах тодруулгыг авлаа.


-Танай компани барагшунаар биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлээд зургаан жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байсан юм уу. Яагаад гэнэт үйл ажиллагааг нь зогсоохоор болов?

-Манай компани биологийн идэвхт  бүтээгдэхүүн үйлдвэрлэх Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэйгөөр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Манай үйлдвэрийн барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагаас комисс ажиллаж, зориулалтын байранд, биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдах албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Гэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтаас Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм борлуулсан гэж үзсэн байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Үүний хоёр нь хүнсний бүтээгдэхүүний төрөлд ордог цай. Биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаардаггүй тул хоёр цайг худалдаанд гаргаж байгаа. Мөн шингэн барагшуныг хэвийн худалдаалж байгаа. Харин шинээр хоёр бүтээгдэхүүн гаргаж, туршилтын шатанд явж байсан юм. Энэ хоёр бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглосон тул бид тухайн бүтээгдэхүүнийг борлуулахгүй, үйлдвэрлэхгүй байгаа.

-Хориглосон хоёр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Иргэдийн хүсэлт, хүлээлтийн дагуу өтгөн барагшун, үе мөчний наалт үйлдвэрлэсэн байсныг хориглосон байгаа. Тухайн хоёр бүтээгдэхүүн туршилтын шатанд явж байсан, албан ёсоор бүртгүүлэхээр бичиг цаасны асуудал хөөцөлдөөд, зөвшөөрлөө хараахан авч амжаагүй байсан юм.  Зөвшөөрөл авахаас  өмнө худалдаанд гаргасан нь бидний алдаа. Энэ нь үйлдвэр хаах шалтгаан мөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

-Үйлдвэрийн орчин эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үзсэн байсан. Энэ ямар учиртай вэ?

-Барагшун нь олон шат дамжлагаар хэрэглэгчид хүрдэг. Барагшунаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн байдаг юм. Энэ зөвшөөрлийн дагуу манайх 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Үүнд барагшун цэвэрлэх эхний шат багтсан байдаг. Мэргэжлийн хяналтаас барагшуныг цэвэршүүлэх эхний шатны зургийг олон нийтэд түгээсэн байгаа нь зохимжгүй үйлдэл.

-Барагшуны үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрт үеэс барагшуныг эрүүл мэндэд ашиглаж ирсэн. Барагшуныг 400 гаруй өвчинд сайн гэж үздэг.  Тухайлбал, дархлаа дэмжиж, эрдэс бодисыг нөхдөг. Ингэснээр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Ясны бэртэлтэй хүн барагшун хэрэглэвэл яс нь хурдан эдгэдэг. Ходоодны шарханд маш сайн. Хүнсний баталгаат байдал алдагдсан энэ үед зайлшгүй хэрэглэх шаардлагатай биологийн нэмэлт бүтээгдэхүүн.

-Барагшуны гарал үүслийг олон янзаар ярих юм. Танайх барагшунаа хаанаас авдаг вэ?

-Барагшун нь амьтны гаралтай юу, байгалийн гаралтай юу гэдгийг шинжлэх ухаан эцэслэн тогтоогоогүй байгаа.

Манайх барагшунаа орон нутгийн иргэдээс авдаг. Ихэнх орны барагшуны нөөц дууссан. Монголд маш бага нөөц бий. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж, барагшуны экспортод хоёр удаа хориг тавиулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж