Э.Тодгэрэл: Дүрээ найруулагчаасаа хайсан

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Э.Тодгэрэл: Дүрээ найруулагчаасаа хайсан

Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн гуравдугаар сарын 27-ны “Дэлхийн театрын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэлийг дугаарын зочноор урилаа. Тэрээр хамгийн сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгийн гол дүрийг бүтээсэн юм.

-Дэлхийн театрын өдрийн баярын мэндийг хүргэе?

-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад театрынхаа бүх хамт олонд баярын мэнд дэвшүүлж, уран бүтээлийн амжилт хүсье.

-Бэлтгэлтэй байх шиг байсан. Ямар жүжигт ажиллаж байна?

– “Гамлет” жүжгийн бэлтгэлтэй байсан юм. Би энэ жүжгийн олны хэсэгт гарч байгаа. Үүний дараа “Кихот ноён”, “Парисын дарь эхийн сүм”, “Эдип” зэрэг жүжгийг тоглож эхэлнэ. 

-Театрт ороод анхны гол дүр чинь “Чөлөөт хос” жүжиг байлаа. Өөрийг тань залуу уран бүтээлч гэхэд сайн тоглолоо гэж үзэгчид үнэлж байна лээ?

-Би энэ жүжгийн гол дүрийг бүтээнэ гэж зүүдлээ ч үгүй явсан. Нэг өдөр найруулагч өрөөндөө дуудаад жүжгийн зохиол өгөөд унш гэсэн. Зохиолыг эргүүлтэл жүжгийн дүрүүд байсан. Би өөрийгөө хүү юм уу хүүгийн найзад тоглох юм байна гэж бодоод, залхуураад зөвхөн хүүгийн хэсгийг л уншсан юм. Удалгүй Ч.Найдандорж найруулагч өрөөгөөр шагайгаад “Зохиолоо уншсан уу, хэр санагдаж байна, ойлгосон уу” гэж асуусан. Би уншиж амжаагүй гэтэл “Сэтгэлгүй л байна даа. Сэтгэл байвал ганцхан цагийн дотор л уншина” гээд нэг л ёозгүй гараад явчихсан юм. Тэгэхээр нь тэр дороо зохиолоо эхнээс нь уншиж эхэлсэн. 

-Анх уншихад ямар мэдрэмж төрж байв?

-Зохиол сонирхолтой санагдсан ч ийм гэр бүл байдаг юм байх даа гэсэн гайхах сэтгэл төрж байлаа. Учир нь би гэр бүлгүй болохоор надаас их хол ертөнц юм шиг санагдсан. Хэд хоногийн дараа найруулагч Баясаа эгч бид хоёрыг өрөөндөө дуудаад “Та хоёрыг жүжигтээ тоглуулахаар эргэлт буцалтгүй шийдлээ. Би энэ жүжгийг тодорхой хэмжээний дуу, бүжигтэй, мюзикл хэлбэрээр хийнэ” гэж хэлсэн.

-Та чинь мюзиклийн ангийг төгссөн. Тэгэхээр найруулагч эхнээсээ таныг сонгосон нь учиртай байж ээ?

-Надад том боломж юм шиг санагдсан. Би дөрвөн жил сурахдаа модерн, ардын бүжиг болон мэргэжлийн гамм уншиж бэлтгэгдсэн. Тиймээс өнөөх “Загатнасан газар нь маажив” гэдэг нь болсон шүү.

-Жүжиг өөрөө Италийнх. Энэ орны залуус их халуун цустай, дэврүүн мөрөөдөлтэй байдаг гэж сонссон?

-Манай Дондог, Дулмаагаас тэс өөр л дөө. Хэлэх гэснээ шууд хэлчихдэг, зугаа цэнгэл хөөцөлддөг, алхаа гишгээ нь хүртэл адилтгах зүйлгүй. Харин тухайн дүрийн дотоод ертөнцийг ойлгож, гаргахад Найдаа найруулагч их тусалсан. Үргэлж надтай ярилцаж, зөвлөж, энэ дүрээр амьдарч, өвчилсөн байсан.

-Дүрийнхээ судалгааг яаж хийв?

-Үнэндээ найруулагчаа  их харсан. Би 20 гаруйхан настай залуу уран бүтээлч. Харин Найдаа ах 40 гаруй настай эр хүн, амьдралын болон театрт олон жил ажилласан туршлага гээд тэр хүнээс харах, сурах зүйл надад их байсан. Яагаад ч юм эхнэрээсээ өөр хүн хүссэн альбин тачаал, хүсэл тэмүүллийг тэр хүнээс өөрийн эрхгүй хайсан. Мөн гэр бүлтэй болон гэр бүлгүй найзуудтайгаа уулзаж, ярилцсан.

-Найзууд тань ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Чи эхнэрийнхээ хажуугаар нууц амрагтай байхыг дэмжих үү гэсэн чинь  нэг хэсэг нь “Чи өдөр бүхэн бантан идэхээс залхана биз дээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ эхлүүлсэн амьдралаа сүйтгэхгүйгээр хааяа тиймэрхүү зүйлийг дэмжиж болно. Харин нөгөө хэсэг нь “Тийм зүйл гэж юу байх вэ. Нэгэнт л насны хань минь гээд хуримын бөгжөө зүүлгэсэн бол араар тавилт, хууран мэхлэлт байх ёсгүй” гэсэн хариулт өгч байсан.

-Аливаа зүйл хоёр талтай гэдэг л энэ байх. Харин эдгээр хариултаас та дүрдээ алийг нь илүү шингээж, шигтгэхийг хүссэн бэ?

-Хэрэв та хүний охиныг эмзэг турьхан, энхрий ялдам байхад нь уран үгээрээ уярааж, чин хайрыг нь авч, гэргийгээ болгосон бол хайрласан шиг хайрла гэдэг санааг ойлгуулах гэж их хичээсэн. Хүнд заяаны хань нэг л бий. Түүнийгээ олсон бол хайраар дутаалгүй, насан үүрд бие, биедээ үнэнч амьдрах учиртай гэдгийг хосууд ойлгоосой гэж хүсч байна.

-Одоохондоо та гэр бүлгүй. Тэгэхээр ирээдүйд  дүр шигээ алдаа хийхгүй нь гэж ойлгож болох уу?

-Жүжигт гардаг шиг залуухан охидтой зугаацах, эхнэрээ араар нь тавьж, хуурахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Жүжгээсээ үүнийг улам их ухаарч, ойлгосон шүү. 

-Жүжигт та эхнэрээ хүүхэд шиг хуурч чаддаг. Магадгүй дүр шигээ зальтай зан танд байдаг болов уу?

-Би олон дүүтэй. Тэдэнтэйгээ өссөн учир хүний арга эвийг олохдоо өөрийгөө сайн гэж боддог. Энэ зангаараа Момбарето бид хоёр төстэй байж магадгүй юм.

-Антониягийн дүрийг та яаж харсан бэ?

-Түүний шүтээн нь би. Нөхөр нь үх гэвэл тэр шууд үхэхэд бэлэн нэгэн. Харин энэ дүрийг Баясаа эгч хангалттай гаргаж чадсан гэж би бодож байна. Бэлтгэлийг нь харахад Антония гэдэг бүсгүй яг л ийм хүн байсан байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг байсан.

-Жүжигт эвгүй хэсгүүд  гардаг. Энэ хэсгүүдийг тоглоход хэр хүндрэлтэй байв. Бэлтгэлийн үед биеэ барьж байв уу?

-Баясаа эгч олон жил тайзнаа тоглосон, туршлагатай, миний хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлч. Тийм хүнтэй эхнэр, нөхөр болж тоглоно гэхэд жаахан жийрхэж байсан. Ялангуяа, эхэндээ хоёулаа сексдэе, унтъя болон хараалын үгүүдийг хэлэхдээ санаа зовдог байсан. Харин Баясаа эгч энэ үед “Ингэж болохгүй. Чи одооноос намайг өөрийнхөө эхнэр гэдэгт итгэ. Битгий өөрийгөө залуу, надаас дүү гэж бод. Ингэж байж л чиний дүр гарч ирнэ” гэж хэлсэн. Тиймээс биеэ барих харьцангуй багасч, чөлөөтэй тоглож эхэлсэн. Сургуулилтын явцад бид хоёр бараг нар үзээгүй байх. Өглөө нар мандахаас өмнө ирээд, орой нар жаргасан хойно харьдаг байлаа. Хоолонд орохдоо хүртэл хамт явна. Өглөө ажилдаа ирэхдээ бие биеэ авна. Түүний хүчинд л жүжиг маань амжилттай болж өндөрлөсөн дөө. 

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж