Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужийн Брумадино сууринд байрлах “Vale” компанийн төмрийн хүдрийн уурхайн далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 110 болжээ. Үүнээс гадна 240 орчим хүн сураггүй байгаа тухай албаны хүмүүс мэдээлэв. Уурхайн ажилчид өдрийн хоолоо идэж байх үеэр ийм осол болсон бөгөөд осолд өртсөн хүмүүсийн ихэнх нь уурхайн ажилчид юм байна.
“Уурхайн ажиллагаа зогссон хэдий ч татвараа үргэлжлүүлэн төлж, хохирогчдын гэр бүлийнхэнд 100 мянган реал буюу 36 мянган ам.долларыг хандивлана” гэж “Vale” компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Гэвч ойр дотнын хүмүүсээ аймшигт ослоор алдсан хүмүүс компанийн энэ мэдэгдлийг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бразилын хамгийн том уул уурхайн компаниудын нэг болох “Vale” компанийн уурхайн далан ийнхүү нурсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их хохирол амссан ослын нэг болж байна. Засгийн газраас ослын хариуцлагыг “Vale” компани үүрэх ёстой гэж үзсэн учир тус компанийн хөрөнгийг битүүмжилж, хохирогчдын нөхөн төлбөрт зарцуулна хэмээн мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ