Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгосчууд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн нэг, хүний эрх, түүхийн үнэний төлөө тууштай тэмцэгч эмэгтэй 93-тайдаа нас барсан тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2019.02.01/ тус улсын олон иргэн оршуулгын цувааг даган алхсаар Сөүл дэх Японы Элчин сайдын яамны гадаа ирж, жагсаал хийсэн байна.
Дайны үед Японы эзэнт гүрний цэргүүд солонгосын залуу охидыг хүчээр авч яваад, гадаад дахь цэргийн баазууддаа аваачин, биеийг нь үнэлүүлдэг байв. Тухайн үед асар их зовлон шаналлыг бие сэтгэлээрээ мэдэрсэн “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дундаас талийгаач Ким Бок Дон нь эмэгтэйчүүдийн эрх, бэлгийн боолчлолын эсрэг ажлыг хамгийн идэвхтэйгээр хийж, орчин үеийн залууст энэ сэдвийн тухай мэдэх бололцоо олгосон хүн юм.
Тэрээр нас барах хүртлээ тухайн үеийн аймшигт хэрэг явдалд чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй Японы Засгийн газарт гомдож явсан. Харин өнөөдөр болж буй жагсаалын үеэр иргэд “Япончууд уучлалт гуй! Нөхөн төлбөр өг!” хэмээх уриа лоозонг хэлж, цаасан дээр бичиж, гартаа барьжээ. Мөн тэд зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон эрвээхэйг барьсан байв.
Японы эзэнт гүрэн нь Солонгосыг 1910-1945 онд колоничилж байхдаа охид эмэгтэйчүүдийнх нь биеийг хүчээр үнэлүүлж, эрчүүдээр хүнд хүчир ажил хийлгэдэг байсан аж. Энэхүү асуудал нь өдгөө ч Өмнөд Солонгос, Япон хоёрын харилцааны эмзэг сэдэв хэвээр байгаа юм.
Харин талийгаачийн уриалсан идэвхтэй тэмцлийн ачаар 2015 онд Японы Засгийн газар хохирогч эмэгтэйчүүдээс уучлалт гуйж, есөн сая ам.долларын нөхөн төлбөр олгосон аж. Гэсэн ч талийгаач тэднийг чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй гэж үзсэн. Учир нь Японы улстөрчид солонгос эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байсан түүхэн үнэнийг няцаасан хэвээр байгаа юм.
Талийгаач Ким Бок Доныг 1940 онд буюу 14 настайд нь Япон цэргүүд хүчээр авч явснаар “цэргийн бааз дахь эмсийн хүрээлэн”-д очсон аж. Тухайн үед ээжид нь түүнийг үйлдвэрт ажиллуулна гэж хэлээд авч явсан гэдэг. Япончууд түүнтэй хамт олон охидыг Солонгосоос авч яваад, Хятад, Тайван, Малайз, Хонг-Конг, Индонез, Сингапурт байрлаж байсан Японы цэргийн баазуудад “ажиллуулсан” байна. Тэрбээр амьдралынхаа сүүлийн гучаад жилийг зүдэрсэн охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж өнгөрүүлсэн төдийгүй боловсрол эзэмшиж чадаагүй олон зуун охидод тэтгэлэг олгох зэргээр сайн үйл хийж байв.
Эх сурвалж: Ройтерс