ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН М.В.ВАСИЛЬЕВИЙН
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт монголчууд аа! Хатагтай ноёдоо!
Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын нэрийн өмнөөс та бүхэнд айлчлан ирж буй 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн мэндийг хүргэж, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье!
Mанай хоёр улсын уламжлалт сайн хөршийн харилцаа олон зуунаар шалгарч, улс төр, соёл урлаг, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлж ирсэн билээ. Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн тэргүүлэх чиглэлээ болгож ирснийг тэмдэглэе.
Хоёр улсын найрсаг харилцааны түвшинг илэрхийлэгч гол хүчин зүйл нь дээд түвшний уулзалт төдийгүй яам, газар, төрийн бус байгууллага, иргэд хоорондын харилцаа мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа явдал юм. Үүний зэрэгцээ худалдааны эргэлт, сүүлийн хугацаанд үлэмж хэмжээгээр идэвхжилээ. Статистикийн мэдээгээр өнгөрсөн онд Монгол- Оросын бараа эргэлт 40 хувиар өсөж, худалдааны нийт хэмжээ 1,8 тэрбум ам.долларт хүрснийг хэлэхэд таатай байна. Энэ бол стратегийн түншлэлийн үзэл санааг иж бүрэн цогц байдлаар хоёр талын төр засаг болон бизнес эрхлэгчдийн зүгээс богино хугацаанд хэрэгжүүлсний үр дүн юм. Үүнд, өнгөрсөн 6-р сард олны талархлыг хүлээсэн “Орос-Монголын санаачилга-2018” цуврал арга хэмжээг дурдаж болох юм. Эдийн засгийн чуулга уулзалт, урлаг, спортын болон өргөн үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ амжилттай явагдсанаар бидний хамтын ажиллагаа чанарын шинэ түвшинд гаргахад өөрийн чухал хувь нэмрээ оруулсан билээ.
Манай хоёр улсад хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тогтвортой хөгжүүлэх сонирхол, хүсэл тэмүүлэл байгаа хэдий ч хоёр орон эдийн засгийн өргөн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Тиймээс бид шинэ боломжуудыг эрэлхийлж, худалдааны тэнцвэрийг бий болгохын тулд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэ төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааны илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Угтаж буй жил олон тэмдэглэлт үйл явдлуудаар дүрэн байх төлөвтэй. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны 70 жил болон Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо.
Өдөр тутмын цуцашгүй их хөдөлмөр, зүтгэл чармайлтаар харьцаагаа улам бэхжүүлж, хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгох шинэ он гарч, биднийг амжилт өөд хөтлөх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье!
Эцэст нь гарч буй “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилд, Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэхийн зэрэгцээ Монгол улс, Монголын ард түмэнд хөгжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье!
Дун өвөл харьж, урин хавар айсуй.
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай, түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!