
Өнгөрсөн гуравдугаар сард тус сургуульд заах багш нарын англи хэлний сургалт, дөрөвдүгээр сараас сургуулийн англи хэлний сургалт эхлээд байна. Энэ хөтөлбөр нь Монголын сурагчдыг дэлхийн төвшний боловсрол эзэмшүүлэх, Кембриж, Оксфорд зэрэг томоохон сургуулиудад шууд элсэх зэрэг олон давуу талуудыг олгож байгаагаараа онцлог. БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр энэ талаар “Сингапурын бүх сургуулиуд Кембрижийн стандартаар яваад шалгалтаа Кембрижид өгдөг юм билээ. Манайх шиг өргөн уудам нутагтай олон сургуультай улс нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд энэ ажлыг хийж амжихгүй. Гэхдээ бид одоо байгаа бүрэн эрхийнхээ хугацаанд эхлэлийг нь тавиад эхний хэдэн сургуулийг нь Кембриж стандартаар явуулчихвал цаашид Монгол улсад боловсролын асар том үсрэлт болно. Ер нь хийж байгаа ажил, үр дүн гарч байгаа ажил их байна. 2009 оны хичээлийн шинэ жилээс эхлэн төрөөс хангах сурах бичгийн хэмжээг нэмэгдүүлсэн. Бага ангид 100 хувь, ахлах, дунд ангийнхны 40-80 хувийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангалаа. Сурах бичгийг төрөөс хангаж байгаатай холбогдуулаад ЕБС-ийн сурах бичгийн хангалт 50, 60 хувьтай байсан бол одоо 70-80 хувьтай боллоо. Хүүхдүүд сурах бичигтэй болохоор сурлагын чанарт заавал ахиц гарна гэж боддог” гэсэн хариултыг өгч байсан юм.
Дэлхий дээр Женевийн болон Кембрижийн гэсэн боловсролын хоёр том стандарт байдаг. Кембрижийн стандартын онцлог нь үндэсний боловсролын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг. Нөгөө Женевийн стандарт нь зөвхөн өөрийн тогтолцоог тулгадаг. Харин Кембрижийн стандарт нь үндэсний тогтолцоон дээр гадны зарим тогтолцоог нэмэх боломжтой байдаг. Кембрижийн стандартын бас нэг онцлог нь дунд сургуулийн дөрөв дэх жилдээ л гэхэд нэмэлт түргэвчилсэн хичээл, тав дахь жилд нь ерөнхий эрдэм болон нэмэлт мэдлэг зэргийг үздэг байна. Өөрөөр хэлбэл, 16 насандаа энэ бүх мэдлэгийг олж авна гэсэн үг. Английн вант улсын жишгийн дагуу 16 настай сурагчид тест бөглөж төгсдөг. Мөн хичээлүүд нь Англи болон тухайн сонгосон орны хэл дээр давхар хичээлээ үздэг байна. Бидэнтэй хамгийн ойрхон улс болох Сингапур улсын онцлогийг товч дурдъя.
Сингапурын сурагчид доод тал нь зургаа, дээд тал нь есөн хичээлийг сонгон үзэх боломжтой. Сингапурын Боловсролын Яам сурагчдын өөрийн хүсэл тэмүүлэл болон сонирхлыг харгалзан сургалтын хөтөлбөрт зөвшөөрөл олгодог онцлогтой. 6-9 сонгосон хичээл дээр нь нэмэгдэж, Англи хэл, Математик, Ерөнхий эрдэм, Эх хэл, Шинжлэх ухаан /Физик, Хими, Биологи гэх мэт/, Хүн болоход хэрэгтэй хичээл /Газар зүй, Эрүүл мэнд, Бэлгийн боловсрол гэх мэт/-үүдийг үздэг байна. Сонгож суралцдаг хичээл нь хууль эрх зүй, Дүрслэх урлаг, Загвар, Технологи, Матетикийн нэмэлт хичээл зэрэг хичээлүүд байдаг. Сингапурын дунд сургуулиуд ерөнхий эрдмийн шалгалтыг “хагас жил”-ийн шалгалт гэх бөгөөд зургадугаар сарын эхний долоо хоногийн даваа гаригт авдаг. 11 сард аман болон бичгийн нэгтгэсэн шалгалтыг авдаг байна. Мөн дүн шинжилгээ хийх, төлөвлөгөө гаргах, удирдах болон удирдуулах ёсны ур чадварын шалгалтыг авдаг онцлогтой юм байна.
Ерөөс энэ стандартаар явж байгаа сургууль нь зөвхөн онолоор бөмбөгдөөд байхдаа бус практикт үүнийгээ хэрхэн ашиглах вэ, гэдэг чадварыг давхар эзэмшүүлдэг юм. Ерөнхийдөө сурагчийн үйл ажиллагаа давамгайлсан сургалт юм. Энэ сургалтаар төгсөхөд Кембрижийн их сургуулиас гаргасан тестийг тухайн улс руу нь явуулж төгсөгчидөөс нь шалтгалт авдаг. Хэрвээ амжилттай өгсөн тохиолдолд гадны сайн их сургуулиудад шууд элсэх боломж тухайн сурагчийн өмнө нээгдэх сайн талтай. Хэрвээ энэ стандартыг сонгосон бол багш аль болох академик сургалтаас татгалзах хэрэгтэй. Гэхдээ академик сургалтыг огт алга болгодоггүй. Багш нь л сургалтынхаа онцлогыг мэдэж байх нь хамгийн чухал. Хэрвээ манай улс энэ стандартыг сонгочих юм бол одоо хэрэглэж байгаа бүх сурах бичгийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Яахав, зарим нэг хичээл нь Кембрижийн стандартыг хангаж байвал өөрчлөхгүйгээр нэмж сайжруулж болно.
Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори төдийгүй Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн сургуульд ажиллах багш, удирдах ажилтнуудыг бэлтгэдэг багшийн сургалтын төв болж байгаа юм. Энэ оны 9 сарын 1-нээс хөтөлбөр, элсэлтийн шаардлагыг хангаж байгаа 15-16 насны 1 ангидаа 20 хүүхэд бүхий 2 бүлгийн 40 хүүхэдтэйгээр энэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Ойрын жилүүдэд Улаабаатар хотод нийт 3, дунд хугацаанд Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймагт нийт 9, цаашдаа улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийг оролцуулсан 30 лаборатори сургуулийг байгуулах юм.
Монголд тавтай морил, Кембриж!
Б. Болорсүх