Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа

Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа

Хууль  зүйн сайд асан Д.Дорлигжав, дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг өнөөдөр /2019.02.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Ингэснээр батлан даалтаар суллагдаж байна.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан" гэх зүйлийг ярьж, мөн Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард тэднийг саатуулсан юм.

Улмаар Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд шүүх хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байв.

Эл шийдвэрийг өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, нэхэмжлэл гаргасан ч хүлээж аваагүй. Харин Нийслэлийн Прокурорын газраас хоёр дахь удаагаа тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг ирүүлсэн байсан ч шаардлагагүй гэж үзэн, шийдвэрээ гаргажээ.

Сануулахад, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа  төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа" ХХК-ийн "Голомт" банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 4 сая ам долларын авлига авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа юм.

Д.Дорлигжавын өмгөөлөгч болох Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар дээрх асуудалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Т.Ганболдын хэлж буй 4 сая ам.доллар нь өмнөх бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал байтал төрийн өндөр албан тушаал хашиж байхад нь авлига өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь санаатайгаар хэлмэгдүүлж, гүтгэж байгаа хэрэг юм. Дээрх 4 сая ам.долларын шилжүүлсэн гэх мөнгө нь Голомт банкаар дамжигдсан хуулга нь байгаа. Ер нь бол дансаар авлига өгдөг тэнэг хүн байхгүй. Д.Дорлигжав дээрх мөнгөнөөс ганц ч зоос аваагүй гэдгийг мэдэгдмээр байна. Ямар учраас гүтгэж байгааг шүүхийг байгууллага тогтооно биз ээ” гэж хэлж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж