
Хэрэглээний үнийн улсын индекс зургадугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувиар буурч, харин өнгөрсөн оноос 11.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Зургадугаар сарын ерөнхий индекс ийн буурсан нь зарим хүнсний бараа, тухайлбал ундаа, усны бүлгийн үнэ дөрвөн хувиар буурсан нь голлон нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Мөнгөний нийлүүлэлт 44.5 хувиар өсчээ
Мөнгөний нийлүүлэлт ихэсч, иргэдийн бодит орлого багасч, худалдан авах чадвар улам буурч буйг эдийн засагчид шүүмжилдэг. Тэгвэл мөнгөний нийлүүлэлт зургадугаар сарын эцэст 3523.6 тэрбум төгрөг болж, өмнөх сартай нь харьцуулахад 269.5 тэрбум төгрөг буюу 8.3 хувь өсчээ. Үүнийг түрүү оны мөн үетэй харьцуулж үзвэл 1084.4 тэрбум төгрөг буюу 44.5 хувь өссөн тоо гарч байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө ч мөн түрүү оны мөн үеийнхээс нэмэгджээ. Өнгөрсөн сарын эцэст 447.4 тэрбум төгрөг гүйлгээнд байгаа нь өмнөх сараас 15.2 тэрбум буюу 3.3 хувь буурч, харин өмнөх оныхтой харьцуулбал 89.7 тэрбум төгрөг буюу 25.1 хувиар нэмэгджээ.
Үнэт цаасны арилжаа зургадугаар сард 21 удаа болж, 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийн, 1.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Арилжсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 4.8 сая ширхэгээр, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 сая ширхэгээр буурсан байна.
Статистикийн хорооноос гаргасан мэдээнд эдийн засагт ээлтэй тоо бараг алга. Бэлэн мөнгөний нийлүүлэлт ихэсч, гүйлгээнд байгаа туниа муутай төгрөгийн хэмжээ ихэсч, хөрөнгийн зах зээл улам бөхийж, бараа бүтээгдэхүүний үнэ төдийлөн буураагүйн араас эмзэглэмээр эвгүй тоонууд үргэлжилж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 402.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 105 тэрбумаар буюу 35.2 хувиар нэмэгджээ. Харин өнгөрсөн тавдугаар сарын чанаргүй зээлийн хэмжээтэй харьцуулахад 11.9 тэрбум буюу 2.9 хувь хэмээх үл мэдэгдэм хэмжээгээр буурсан байна. Эдийн засагт таагүй статистикийн мэдээг зээлийн хэмжээ ихэссэнээр үргэлжлүүлье. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2882.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараас нэг хувь, түрүү оны энэ үетэй харьцуулахад 323.7 тэрбумаас нэмэгдсэн тоо ажээ. Харин таатай нэг мэдээ дуулгахад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 14.8 тэрбум, түрүү оноос 39.5 тэрбумаар тус, тус буурч 112.7 тэрбум болжээ.
Татварын орлого нэмэгджээ
Статистикийн мэдээ дандаа сөрөг гарсангүй. Зарим салбарт таатай мэдээ байна. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний хагас жилд 1239.6 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1407.1 тэрбум байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 167.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдлын хэмжээ 93.8 тэрбумаар өсчээ. Тэгвэл төсвийн урсгал орлого 1205.6 тэрбум төгрөг, урсгал зардал 1101.0 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 104.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Харин нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 319.6 тэрбум төгрөг буюу 29.4 хувиар нэмэгджээ. Үүнд татаас, шилжүүлэг 177.9 тэрбум буюу 48.6 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 36.9 тэрбум төгрөг буюу 20.7 хувиар өссөнөөс шалтгаалжээ.
“Хар, цагаан”-тай статистикийн мэдээний таатай хэсэг нь энэ. Татварын нийт орлого 427.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 66.2 хувь өсчээ. Татварын орлого ийн өссөнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 99.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 82.7 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 99.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлого 46.9 тэрбум төгрөг буюу 26.2 хувиар буурахад хувьцааны ногдол ашгийн орлого 85.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэр “сэргэн мандаж” байна
Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, 2664.9 сая ам.долларын гадаад худалдааны нийт бараа эргэлт хийжээ. Үүнээс экспорт 1308.7 сая ам.доллар, импорт 1356.2 сая ам.доллар ажээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1009.2 сая ам.доллар буюу 61 хувь өссөн байна. Дотор нь ангилж үзвэл экспортын хэмжээ 545.8 сая ам.доллар буюу 71.5 хувь, импортын хэмжээ 463.5 сая ам.доллар буюу 51.9 хувиар өсчээ. Экспортын үнийн дүнгийн 93 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт бас хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүн эзэлжээ.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 848.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 93.8 тэрбум төгрөг буюу 12.4 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд нүүрс, газрын тос, хайлуур жоншны баяжмал, сүү, тараг гурил, ундаа, архи пиво болон самнасан ноолуур, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.6-10.3 дахин өссөн нь нөлөөлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нарийвчлан үзье.
Нүүрс 83 хувь
Газрын тос, шатдаг хий 80.2
Бусад ашигт малтмал олборлолт 22.2 хувь өссөн бол
Хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт 45.5 хувь
Нэхмэлийн үйлдвэрлэл 23 хувь
Хүнсний бүтээгдэхүүн, ундааны үйлдвэрлэл 39.8 хувь
Химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24.2 хувь
Мод, модон эдлэл үйлдвэрлэл 17.2 хувь гэх мэтээр дэд салбаруудын үйлдвэрлэл нэмэгдэж “сэргэн мандаж” байна.
Б.БЯМБАА