Папуа Шинэ Гвинейд хоригдож байгаа нэгэн дүрвэгч Австралийн утга зохиолын салбарын хүндтэй шагналыг авч, 125 мянган австрали доллар буюу 90,500 ам.долларын эзэн болжээ. Австралийн утга зохиолын салбарын хамгийн өндөр шагналын сантай “Викториа мужийн захирагчийн нэрэмжит утга зохиолын шагнал” уралдааны шагнал гардуулах ёслол өчигдөр /2019.01.31/ болсон ч тэргүүн байрыг эзэлсэн Бэеруз Бүчани өөрийн биеэр оролцож чадаагүй байна.
Курд-Иран гаралтай сэтгүүлч Бэеруз Бүчанийг Австралийн хилийг хууль бусаар давахыг завдсан хэргээр 2013 онд Манус арал дээрх хорих газарт хорьжээ. Тус хорих газарт түүнтэй адил шалтгаанаар 600 гаруй дүрвэгч хоригдож байгаа юм.
Хорих газарт байгаа хэдий ч Бэеруз Бүчани нь Австралийн нэгэн хэвлэлийн газартай холбоо тогтоож чадсан бөгөөд цаасан дээр гараараа бичсэн “Уулсаас өөр нөхөр үгүй: Манус шоронгоос бичсэн тэмдэглэл” хэмээх номоо гар утсаа ашиглан текс мессежээр бичиж илгээсэн байна. Тэмцээний шүүгчид нь энэхүү номыг “Амьдрахыг хүссэн хүний зовж шаналсан дуу хоолой. Эсэргүүцэл, гомдлын нулимс. Шоронд таван жил хоригдсон хүний зүрх сэтгэлийн илэрхийлэл. Шүүмжлэлт анализаас сурреализм хүртэл уран зохиолын өвөрмөц дүрслэлийг ашиглан бичсэн тун өвөрмөц зохиол” хэмээн дүгнэсэн аж.
Арал дээрх хорих газарт байгаа хэдий ч дүрвэгсдэд гар утас, тог цахилгаан хэрэглэх боломж олддог байна. Гэхдээ интернэт байдаггүй тул бичвэрээ мессеэжээр явуулахаас өөр аргагүй байжээ. Бэерук Бүчани номоо төрөлх перс хэл дээрээ бичин, хэвлэлийн газар руугаа явуулсныг нь орчуулагч англи хэл рүү хөрвүүлэн эмхэтгэсэн байна. Шагнал гардуулах ёслолд түүний өмнөөс орчуулагч Мүүнэс Мансуби очсон аж.
Бэеруз Бүчани шагнал авсан тухайгаа мэдсэнийхээ дараа “Арал дээрх дүрвэгсдийн хорих газарт хоригдсон бид бол Австралийн төр засгийн мартсан хүмүүс. Би энэхүү номоороо Австрали болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст дүрвэгсдийг хүлээн авах Австралийн систем нь Манус болон Науру арал дээр гэмгүй хүмүүсийг хэрхэн зовоож байгааг харуулахыг хүссэн. Дүрвэгсдийг хорих газарт байгаа хүмүүсээс утга зохиолын томоохон шагналыг авсан нь Австралийн Засгийн газрын хувьд ичгэвтэр хэрэг байх болно” хэмээн сэтгүүлчдэд мессеж илгээсэн байна.
Австрали улс нь дүрвэгсдийг хилээрээ нэвтрүүлэх маш хатуу бодлого баримталж байгаа юм. Тэд Австралийг зорин завиар ирсэн хүмүүсийн бичиг баримтыг нь боловсруулах нэрийдлээр “түр саатуулах газар” руу явуулдаг ч тэдний асуудлыг хэлэлцэх нь битгий хэл ор тас мартсаар байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ