Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.02.01) хуралдаан 9 цаг 34 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн.
Ингээд Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай саналын танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийсэн юм.
Нэр дэвшигч Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.
Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.
Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж парламентын нэг хүндийг өсгөх, гишүүдийн эв нэгдлийг хангахад анхаарах, мөн олон чуулган дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд зоригтой, шийдэмгий, тууштай ажилахыг захив.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжив.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилохыг дэмжлээ
Дараа нь Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.
Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажиллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.
Харин Төрийн албаны тухай шинэ хуулийн дагуу Байнгын хорооноос баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-оос зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр оноо авч Төрийн албаны зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал танилцуулсан юм.
Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын шаардлага хангасан 8 оролцогчоос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам хамгийн өндөр буюу 113.10 оноо, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ.
Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Н.Амарзаяа нар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан тэднийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг дэмжсэн юм.
Хаврын ээлжит чуулганаар 29 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ
Байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийлээ.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49, нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.
Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
- “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
- Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
- Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
- Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Байнгын хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан зарчмын зөрүүтэй зарим санал гаргасан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг нэмж тусгах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ