Х.Гуайдогийн гэр бүлийнхнийг заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Х.Гуайдогийн гэр бүлийнхнийг заналхийлжээ

Х.Гуайдогийн гэр бүлийнхнийг заналхийлжээ

Венесуэлд Ерөнхийлөгчийн эсрэг жагсаал цуглаан, улс төрийн хямрал үргэлжилж буй энэ үед сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн гэр бүлийнхнийг тусгай хүчнийхэн нь заналхийлсэн байна.

Ерөнхийлөгч Н.Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр сөрөг хүчний удирдагч Х.Гуайдо гэгч Н.Мадурог хууль бусаар албан тушаалаа авсан гээд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан билээ. Венесуэлийн ард иргэд болон зарим төрийн өндөр албан тушаалтнууд нь Х.Гуайдог дэмжиж байгаа боловч Батлан хамгаалах яам, цагдаа хүчний байгууллагууд нь Н.Мадурогийн талд байгаа юм.

“FAES” хэмээх цагдаагийн тусгай хүчнийхэн өөрийг нь эзгүй хойгуур гэрт нь дайран орж, эхнэр Фабина Розалесыг сүрдүүлсэн тухай Х.Гуайдо өчигдөр /2019.01.31/ Каракасын их сургуульд илтгэл тавих үеэрээ дурджээ. Тэрбээр Каракасын их сургуулийн оюутнуудад улс орноо улс төр, эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Гадаадын олон улс орон түүнийг дэмжиж байгаа боловч гэр оронд нь аюул занал тулгарч байгаа тухай тэрбээр онцолжээ. “Хэрвээ эхнэр болон охинд минь гар хүрвэл хатуу хариуцлага тооцох болно. Хил хязгаарыг давах хэрэггүй” хэмээн Х.Гуайдо хэлсэн байна. Түүнчлэн Венесуэлийн Дээд шүүхээс түүнийг хилээр гарахыг хориглож, бүх хөрөнгийг нь царцаах шийдвэр гаргасан.

Хуан Гуайдог Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр АНУ, ЕХ болон Латин Америкийн улс орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрсөн бол Н.Мадурог Орос, Турк тэргүүтэй улсууд дэмжиж байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны дараа барууны улс орнууд Н.Мадурог суудлаасаа бууж, энэ долоо хоногтоо багтаан Ерөнхийлөгчийн дахин сонгууль явуулж, шударгаар улс орныхоо тэргүүнийг сонгох тулган шаардах бичиг хүргүүлсэн. Харин Н.Мадуро үүний хариуд “Империалистууд дахин сонгуулийг хүсч байгаа бол 2025 он хүртэл хүлээх л болж дээ” хэмээн Лхагва гаригт /2019.01.30/ Оросын “Риа Новости” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Венесуэлийн сөрөг хүчнийхний эхлүүлсэн жагсаал цуглаан өнгөрсөн долоо хоногоос хойш орон даяар идэвхтэй өрнөсөөр байгаа юм. Жагсаал цуглааны үеэр 850 орчим хүн баривчлагдаж, 40 хүн нас бараад байна. Энэ нь Н.Мадурогийн талд үнэнчээр зогсч буй цагдаа, хүчний байгууллагынхантай холбоотой юм. Баривчлагдсан хүмүүс дунд сурвалжилга хийж явсан гадаадын сэтгүүлчид ч байгаа аж.

Эх сурвалж: ndtv.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж